Sunday, February 17, 2013

Around global consumer business


Дэлхийн хэмжээний хүнс, өргөн хэрэглээний бүтээгдхүүн үйлдвэрлэгч бизнес группууд тэдний эргэн тойронд болж буй шинэ соргог мэдээ, үйл явдлуудыг багцлав.

-          Бельги улсад бүртгэлтэй  AB In Bev буюу дэлхийн томоохон шар айраг үйлдвэрлэгчийн  Мексикийн  Modelo Group буюу АНУ-ийн импортын шар айрагийн зах зээлд тэргүүлэгчийг 2012 онд 20 тэрбум ам доллароор худалдан авч буй арилжаанд АНУ-ийн Хууль зүйн Яам хориг тавиад байна.

AB In Bev-ийн Bud Light болон Modelo-ийн Corona extra брендууд нэг багцад орсноор AB In Bev нь АНУ-ийн 80 тэрбум долларын эргэлт бүхий шар айрагний зах зээлийн 46%-ийг хянах боломжтой болсон  нь АНУ-ийн Хууль Зүйн Яамыг хориг тавих нөхцөл бүрдүүлсэн байна.
AB In Bev-ийн хувьд энэ худалдан авалтаас буцалгүй, Хууль зүйн Яамтай харилцан тохиролцож арилжааны шинэ санал өнгөрсөн долоо хоногт гаргасан байна. Тэдний зүгээс томоохон буулт хийж худалдан авалтын нөхцөлүүдээ доорх байдлаар сайжруулсан байна.

-          Тэд гэрээнд 3-гч тал Constellation wine brands оруулж ирж байгаа ба арилжааны шинэ нөхцөлийг Хууль Зүйн Яам зөвшөөрсөн нөхцөлд Constellation wine brands АНУ-ийн шар айрагний зах зээл дээрх 3-гч том тоглогч болно.
-          Мodelo Group-ийн Corona болон бусад брэндүүдийг АНУ-ийн зах зээлд нийлүүлэх, борлуулах эрх (АНУ-ийн шар айрагний зах зээлийн 9%)  мөн Modelo Группын эзэмшлийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий шар айрагний үйлдвэрийг (15 000 хектолитр хүчин чадалтай өөрөөр хэлбэл Modelo Group-ийн нийт хүчин чадлын 1/6, мөн АНУ-д хийдэг экспортын 60%-г энэ үйлдвэр нийлүүлдэг) 2.9 тэрбум доллароор Constellattion wine brands –д худалдана.
-          Мөн AB In Bev-ийн АНУ дахь нэгж Crown Imports-ийн эзэмшиж буй Мodelo Group-ийн 50% хувьцааг Constellation wine brands-д 1.85 тэрбум доллароор худалдахаар болсон байна.

Шинжээчдийн дүгнэж буйгаар хэдийгээр AB In Bev 2012 онд Modelo Group-ийн 50%-г худалдаж авах үедээ EBITDA буюу татвар, хүү болон элэгдлийн өмнөх ашгийг 13 дахин үржүүлж 20 тэрбум буюу бараг тухайн үеийн Modelo Group-ийн зах зээлийн үнэлгээ дээр 4 тэрбум ам доллар илүү төлж авсантай харьцуулбал Constellation wine brandsEBITDA-г 9 дахин үржүүлсэн үнээр л худалдаж байгаа нь алдагдалтай харагдах боловч доорх давуу талуудтай гэсэн байна. Үүнд:
1.      Мексикийн харьцангүй бага хөгжсөн  өсөлтийн боломж өндөр шар айрагний зах зээлд ажиллах боломж үүснэ.
2.      Борлуулалтын сүлжээ, тээвэр, маркетингийн зардлаа нэгтгэснээр нийт 7 тэрбум ам долларын нэгдэлтийн синержи үүсч зардал хэмнэгдэнэ. (4 тэрбум примум үнэ юу ч биш)
3.      Constellation wine brands нь шар айрагний зах зээлд ажиллах туршлага чадвар байхгүй нь өрсөлдөөний орчинд томоохон өөрчлөлт авчрахгүй.

Зах зээлийн хувьд дээрх мэдээг тун таатай хүлээн авсан ба 2 компанийн хувьцааны үнэ ханш өссөн байна. Одоо АНУ-ийн Хууль Зүйн Яам шийдвэрийг хэрхэн хүлээн авах нь сонин байгаа. Гэхдээ олонх шинжээчдийн хувьд AB In Bev эрх баригчидтай урьдчилан тохиролцож байж л ийм хэмжээний мэдэгдэл хийнэ  гэж таамаглаж байна.

-          Японы Кирин групп Сингапурын F&N компанид эзэмшдэг 15% -ийг Тайландын тэрбумтан хөрөнгө оруулагчид зарлаа.

Сингапурт бүртгэлтэй F&N групп нь Asia Pacific Brewery буюу Зүүн өмнөд Азийн зах зээл дээр хамгийн өндөр өсөлт бүхий шар айраг үйлдвэрлэгчийг эзэмшдэг нь Тайландын тэрбумтан  болон Heineken группын хооронд APB-г эзэмших гэж өрнөсөн тэмцлийн төв болсон. Тэмцэлд Heineken групп ялж шар айрагний бизнесийг нь Тайландын тэрбумтанд үл хөдлөх, хэвлэлийн бизнес нь үлдсэн нь Киринд 15% зарж бизнесээс гарах л зам үлдээсэн байна.
       Зах зээлд оролцогчид Кирин хувьд F&N-ийн Зүүн өмнөд Азид амжилттай байршсан ундаа, жүүсний бизнесийг сонирхоно хэмээн таамаглаж байсан ч Японы компани, Вьятнам болон Бразилд эхлүүлсэн бизнестээ төвлөрөхөө зарлаж өмнө дурьдсан компанид эзэмшиж байсан хувиа 630 сая ам долларын ашигтай зараад гарч явлаа. 2010 онд Кирин нь F&N-ийн 15%-г 970 сая ам доллароор худалдаж авч байсан бол 2012 онд 1.6 тэрбум доллароор үнэлж борлуулсан байна.


-           Японы, дэлхийн шар айрагний зах зээл дээр тэргүүлэгч нөгөө компани болох Асахи 2013 онд Зүүн Өмнөд Азийн зах зээл дээр түлхүү анхаарч энэ бүс нутаг дахь борлуулалтаа 1 тэрбум ам долларт хүргэхээр зарлалаа.

Асахигийн хувьд энэ бүс нутаг, онцолж Австрали болон Шинэ Зеландын зах зээлд төвлөрөх сонирхолтой байна. Гэвч 2012 онд Авсртралийн Independent Liqueur Limited-г 1.3 тэрбум ам доллароор худалдан авсан нь шүүх дээр очоод байна. Тэдний үзэж буйгаар худалдан авалтанд зуучилсан One Capital тэргүүтэй хөрөнгө оруулалтын зуучууд хиймлээр Independent Liqueur LimitedEBITDA-г нэмэж, худалдан авалтын өртөгийг нэмэгдүүлсэн гэж дүгнэж байна.
Гэвч дээрх нь 2013 онд энэ бүсээс шинэ худалдан авалт хийх сонирхлыг бууруулахгүй бололтой, Хятад дахь хамтарсан үйлдвэрийн хувиа багасгаж зарсан тэд мөнгөтэй байна.

-          Going private буюу зах зээл дэхь шинэ хандлага

Dell Inc-ийн 24 тэрбум доллар болон Heinz-ийн 28 тэрбум долларын хувьцаат компаниас буцаж хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон хэлцэл. Apple-ийн Тим Кук 138 тэрбум баланс дээрх мөнгөн хөрөнгө хувьцаа буцааж худалдан авах, ноогдол ашиг тараах зэрэгт зарцуулах гэж зарим хөрөнгө оруулагч нартай үзэлцэж байгаа нь зах зээлийн ирээдүйн трендийг тодорхойлж байна.

Дээрх хандлага нь 1-рт хувьцааны ханшийн хэлбэлзэл өндөр байгаа нь том компаниудын хувьд нээлттэй зах зээл дээр байх нь эрсдэлтэй аюултай болж байна, (Apple хувьцаа 700 ам доллар байсан одоо 400 гаран ам доллар байна.) , 2-рт энэ компаниудын хувьд дэлхийн эдийн засгийн ирээдүйд итгэл бага байгаа нь хөрөнгө оруулалтаа хумьж илүү мөнгө зөв зарцуулж эхэлснээр тайлбарлагдана.

Apple-н хувьд тэдний шинэ бүтээгдхүүнд тавигдаж буй хэрэглэгчдийн өндөр хүлээлт айдас дагуулж болох л юм. Харин Heinz хувьд үндэслэл нь сонин байж магадгүй. Warren  Buffet болон Бразилийн тэрбумтны эзэмшлийн 3G private equity компани дэлхийн хэмжээний соус үйлдвэрлэгчийг 28 тэрбум доллароор худалдаж аваад байна. Buffet-ийн хувьд угийн өргөн хэрэглээний компаниудын хувьцаанд дуртай хүн харин 3G-ийн хувьд багцдаа Burger King-ийг эзэмшдэг нь хардлага үүсгээд байна.

Coус, кетчупний дайн өрнөх бий дээ, магадгүй Mac Donalds хувьд энэ аюул байж болох юм. Heinz нь АНУ-ийн соус кетчупний зах зээлийн 60%, дэлхийн хэмжээнд бол бараг л өрсөлдөгчгүй компани юм. Ойрын өрсөлдөгч Hunt сoус, кетчуп үйлдвэрлэгч зах зээлийн 20%-г хангадаг байна. Mac burger кетчупгүй иднэ гээд төсөөлдөө....

Saturday, February 16, 2013

G-20, Currency war


Их 20-ын уулзалт болон Валютын ханшийн сөргөлдөөн

Сүүлийн 2 долоо хоногийн турш дэлхийн санхүүгийн хэвлэлүүд Currency war буюу дэлхийн голлох улсуудын хооронд өөрийн орны валютын ханшийг зохиомлоор сулруулах замаар экспортын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн талаар хэлэлцлээ. Яриа ч ор үндэсгүй зүйл биш бөгөөд Япон Улсын Засгийн эрхэнд Шинзо Абе тэргүүтэй либерал демократууд гарч ирснээр дэлхийн хэмжээнд асуудал улам хурцаар тавигдаж байна.
Абе нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 1980-аад оноос хойш зогсонги байдалд буй (Lost decade хэмээн эдийн засгийн түүхэнд орсон) Япон улсын эдийн засгийг мөнгөний бодлогыг инфляцийн түвшинтэй уялдуулах, засгийн газрын дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иены ханшийн чангаралтын эсрэг интервенц хийх болон Япон улсын Засгийн газрын бондыг худалдан авах замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг арга хэрэгслийг ашиглаж, дефляцийн нөлөөллөөс гаргана гэж амласан. 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр парламентийн сонгуульд ялж, ерөнхий сайд болсон мань эр амласан бүхнээ хэрэгжүүлж эхэлснээр сүүлийн 2 сарын хугацаанд ам.долларын эсрэг иены ханш 76-с 94 хүртэл 20% сулраад байна.
            Богино хугацаанд иены ханш ингэж Засгийн газар, улсын оролцоотойгоор суларсан нь бусад экспортын тэргүүлэх улсууд, ялангуяа Холбооны Бүгд Найрамдах Герман болон Өмнөд Солонгос улсуудын хувьд гомдол гаргах, дэлхийн улсуудын анхаарлыг энэ асуудалд хандуулах сонирхол үүсгээд байна. Эдгээр улсуудын гомдол ч эдийн засгийн үндэслэлтэй бөгөөд, хэрэв дэлхийн голлох эдийн засагтай улсууд өөрийн валютын ханшинд хүчээр нөлөөлж, бусад гадаад худалдааны өрсөлдөгч улсуудын мөнгөн тэмдэгтийн эсрэг сулруулж эхэлвэл, 1970 он буюу Бреттон Вуудсын тохиролцоо дуусгавар болсноос хойш мөрдөж буй зах зээлийн жамаар валютын ханш тогтох механизмаас ухарч, улмаар дэлхийн хэмжээний гадаад худалдааны эргэлт буурах, эргээд эдийн засгийн хямралыг даамжруулах эхлэл болно.
            Японы засгийн газрын баримталж буй бодлого ч өөрийн улсын хувьд зөв.
Учир нь тус улс нь сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 5 удаа эдийн засгийн хямралд өртөөд байна. (ДНБ-ийн хэмжээ 3-н улирал дараалж сөрөг өсөлттэй гарсан нөхцөлд эдийн засаг хямарч байна гэж үздэг).  
1980-аад оны Япон Улсын экспорт дээр суурилсан эдийн засгийн өсөлт хурдац, дэлхийн хэмжээнд Япон Улсын эдийн засгаас  хамаарах хамаарлыг нэмэгдүүлж байсан нь АНУ болон бусад улсуудын зүгээс Япон Улсыг шахаж, эдийн засгийн халалтыг хөргөх зорилгоор иены ханшийг  ам.долларын эсрэг 140-с 100 иен рүү чангаруулсан нь Япон Улсын хувьд Lost Decade буюу эдийн засгийн зогсонги байдлыг авчирсан.
            Улмаар эдийн засгийн зогсонги байдал даамжирч Японы Засгийн газрын өр ДНБ-ий нийт хэмжээнээс 2,2 дахин нэмэгдсэн ч Япон Улсын эдийн засгийн онцлог болох дотоодын хуримтлалаар санхүүжигдаж, Грек болон Европын холбоонд тулгарсан шиг нөхцөл байдал үүсгээгүй.
Гэвч 2008 оноос эхэлсэн дэлхийн эдийн засгийн шинэ хямрал нь дотоодын хуримтлал өндөр, гадаад худалдааны тэнцэл нь ашигтай Япон улсыг хямралаас зугтах газар (safe heaven) болгон их хэмжээний бусад валют дээрх хөрөнгийн урсгал иенд шилжиж, хөрөнгөнд байршсан нь шинэ дарамт үүсгэсэн.
            2012 онд иены ханш ам.долларын эсрэг дэлхийн 2 дугаар дайнаас хойшхи хамгийн өндөр буюу 75 хүрч, Япон Улсын томоохон экспортлогч нарын хувьд оршин байх нөхцөлгүй болж, гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах болсон. Энэ нь эргээд тэдний дотоод эдийн засгийн тэнцвэрт сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Иймд Абегийн шинэ засгийн бодлого Японы хувьд зөв болно.

Энэ долоо хоногийн Мягмар гаригт хуралдсан Их-7–ын уулзалтын хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэж, эдийн засаг, мөнгөний бодлогыг валютын ханшийг бай болгохгүй зөвхөн дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлнэ гэсэн санамж бичигт гарын үсэг зурсан. Өнөөдөр болон маргааш Москва-д зохион байгуулагдах Их-20-ийн уулзалтын хүрээнд ч энэ асуудал чухал сэдвийн нэг байхаар байна.

Их-7 болон Их-20-ийн уулзалтын хүрээнд Япон Улсыг ганцааранг нь валютын ханшийн сөргөлдөөн үүсгэж буйд буруутгах аргагүй юм. Хэрэв эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад худалдааны өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор мөнгө хэвлэж эдийн засагтаа нийлүүлэх нь ч  Currency war-тай адил гэж үзэх нөхцөлд энэ дайн, 2008 онд АНУ-ийн сангийн сайд Паулсон 800 тэрбум доллар хэвлэж, засгийн газрын бондоо худалдаж авснаар эхэлсэн. Хямралаас зугтаж Европын холбоо, Хятад, Япон зэрэг томоохон эдийн засаг бүхий улсууд бүгд энэ замыг сонгосон.
Мексикийн Төв банкны ерөнхийлөгч Карстений үзэж буйгаар энэ бодлого (дайн)-ын гол хохирогчид нь хөгжиж буй улсууд болсон. Өөрөөр хэлбэл хэвлэсэн хямд мөнгө, бага хүүтэй улсаас дайжиж, эдийн засгийн өсөлт бүхий өндөр хүүтэй, эрэлт бүхий хөгжиж буй улсуудын хөрөнгөд байршиж эхэлсэн нь хиймэл хөрөнгийн үнэ цэнийн өсөлт дагуулж, улмаар тухайн улсын валютыг чангаруулж, гадаад худалдааны өрсөлдөх чадварыг нь багасгаж байна. Хэрэв хөгжингүй улсуудын бодлого эргэсэн нөхцөлд hot money гарч явснаар хөгжиж буй улсуудын эдийн засагт цохилт өгч хямрал дагуулах аюултай.

Япон Улсын өмнөх ерөнхий сайд Нода тэргүүтэй консерватив Засгийн газар АНУ, Европын холбоо болон Хятад Улстай харьцуулбал харьцангүй бага хэмжээний мөнгө хэвлэж, эдийн засагт оруулсан бөгөөд энэ ч магадгүй Их-7-ын уулзалт дээр бусад улсууд Япон Улсын зүг дайралт хийгээгүйнх нь үндэс байх. Хамгийн гол нь бусад улсуудын 2-3 жилд хийсэн ажлыг Япон Улсын Засгийн газар 2-3 сарын дотор хийж, үр дүн гаргасан нь л валютын ханшийн сөргөлдөөнийг сөхөж гаргаад байна. Гэтэл энэ нь зөвхөн дэлхийн хэмжээнд эдийн засгийн тууштай макро бодлогын зураглал байхгүйд оршиж байна. Япон улсын Засгийн газрын бодлого зах зээл дээр хамгийн тод ойлгомжтой байсан нь ийм үр дүн авчирлаа.

Хямралаас гарах шинэ төрлийн мөнгөний бодлогууд хэрэгжиж эхлээд 3-4 жилийн нүүр үзлээ...... Гэтэл Их-20 улсуудын 1/3 нь 2012 оны 4 дүгээр улиралд эдийн засгийн сөрөг өсөлттэй гарсан. Өөрөөр хэлбэл Currency war бүгдийг нь нэг нүхэнд байлгасаар л байна. Маргааш нөгөөдөр Москвагийн чимээг сонсоод итгээд хүлээх үлдлээ.



Wednesday, September 5, 2012

АНУ-н Холбооны нөөцийн системийн хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн Мөнгөний бодлогын арга хэрэгсэлүүд



Өнгөрсөн 7 хоногт АНУ-н ХНС-н банкны тэргүүнүүд Жексон Холлд,  Канзасын ХНС-ийн зохион байгуулж буй Эдийн засгийн форумд цуглаж, Бен Бернанке АНУ-ийн ХНС-ийн зүгээс эдийн засгийн хямралтай мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулж хэрхэн тэмцэж ирсэн, ямар үр дүнтэй байгааг товч дүгнэлээ.
            Түүний энэ илтгэлийг дэлхий даяар хөрөнгө оруулагчид хүлээж цаашдын АНУ-н мөнгөний бодлогын төлөв байдал, хөрөнгө оруулагчдын тэсэн ядан хүлээж буй эдийн засгийг дэмжих 3 дахь багц бодлого хэзээ эхлэх талаар илтгэлийн үг үсэг тус бүрийг нарийвчлан дүгнэж баримжаа таамаглал олж авах оролдлого хийлээ.
            Федийн тэргүүн илтгэлээ үндсэн 4-н хэсэгт хуваасан ба эхний хэсэгт хямрал хэрхэн эхэлсэн түүний эсрэг ХНС маань уламжлалт мөнгөний бодлогын арга хэрэгслээ хэрхэн ашигласан, 2-р  хэсэгт нэгэнт уламжлалт мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг байх боломжит максимум түвшинд ашигласан ч эдийн засгийн хямралын үр нөлөөг бүрэн тасалж чадахгүй байсан тул уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг хэрхэн ашигласан тухай, 3-р хэсэгт энэ уламжлалт бус арга хэрэгслүүдийн үр өгөөж болон сөрөг дагаварууд ямар байсан, төгсгөлийн хэсэгт мань хүн цаашдын эдийн засгийн төлөв байдлыг яаж харж буй тухайгаа дэлгэсэн байна.
            2007 оны 8-р сард мөн л уламжлал ёсоор АНУ-н ХНС-ийн банкны тэргүүнүүд Жексон Холлд цуглаж, эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэж байх үед тэдний хэн ч үүнээс дөнгөж сарын дараа дэлхийн 4-н том хөрөнгө оруулалтын банкны нэг Lehman Brothers дампуурлаа зарлаж, АНУ болон дэлхийн эдийн засгийг 1929 оны хямралаас хойш тохиолдоогүй хямралын давалгаанд живүүлнэ гэж тооцоогүй байна. Үүнийгээ ч Бен Бернанке хүлээн зөвшөөрч, нээлттэй хэлдэг.
            Гэхдээ л мань хүний удирдлага доор ХНС хямралын эхний давалгааны эсрэг гар дор боломжит бүх л эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогын арга хэрэгслээ ашигласан байна.

 2007 оны 8-р сард 5,25% байсан суурь хүүг 2009 оны 12-р сар гэхэд 500 пунктээр бууруулж 0,25% буюу байх боломжит хамгийн бага түвшинд хүргэсэн. Мөн бусад 14 улсын төв банкуудтай харилцан валют солилцох своп гэрээ хийж. Улмаар АНУ-н банкуудын үйл ажиллагааны эрсдлийг үнэлж стресс тест зохион байгуулж, өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд авсан байна.
            Гэвч 2007 онд 6% байсан ажилгүйдлийн түвшин 2009 онд 10%-д хүрч, нийт 8 сая америкчууд ажилгүй болж улмаар инфляци буурч эхэлсэн нь АНУ-н ХНС-ийг мөнгөний бодлогийн уламжлалт бус арга хэрэгслийг ашиглахад хүргэсэн байна. Эхний ээлжинд ХНС өөрийн баланс дээр эрсдлийг авч моргейж барьцаалсан үнэт цаасууд болон АНУ-н засгийн газрын урт хугацаат бондыг зах зээл дээрээс худалдан авах болсон. Энэ бодлого нь 2 үндсэн зорилттой байсан , 1-рт банкуудын баланс дээрхи эрсдлийг бууруулж, хөрвөх эх үүсвэрээр хангах, 2-рт хоёрдогч зах зээл дээр эрэлт бий болгож, урт хугацааны бенчмарк бондын хүүг буулгах замаар зээлийн хүүг багасгах байлаа. Үүний үд дүнд 2008-2010 оны хооронд, зах зээл дээр 2 ажиллагаа явуулж, ХНС-ийн баланс 2,7 их наяд ам долларт хүрээд байна. Энэ арга хэрэгсэл өмнө нь 1929-1933 оны Их хямралын үед дараа нь 1980-аад оны үед Японы өрийн хямралын үед ашиглагдаж үр өгөөжөө харуулсан энэ зууны мөнгөний шилдэг арга хэрэгсэл ээ.
Дээрхи арга хэрэгслийн үр дүнгийн талаар үнэлсэн судалгааны ажлууд ХНС болон бусад судалгааны төвүүдийн ажил нилээн гарсан ба ерөнхийдөө бодлогийн үр дүнд урт хугацааны буюу 10 жилийн хугацаатай АНУ-н засгийн газрын бондын хүү 80-120 суурь үзүүлэлтээр буурч, улмаар иргэдэд очих моргейжийн зээлийн хүү буух үндэс болсон байна. Эконометрикийн модел дээр суурилсан АНУ-н эдийн засгийн загвар үнэлгээний дагуу бол АНУ-н эдийн засгийн гарц 3%-р нэмэгдэж нийт 2 сая ажлын байр шинээр нэмэгдсэн байна.  
            ХНС-н зүгээс үнэт цаасны 2-гч зах зээлд хүчтэй интервенц хийхээс гадна өөрийн мөнгөний бодлогийн ил тод байдлыг нэмэгдүүлж. Харилцаагаар дамжуулж,  мөнгөний бодлогийн арга хэрэгслэл, тэдгээрийн үр дүн, цаашид хүүгийн түвшин ямар байх талаар хүлээлтээ зарлах болсон. Энэ ч хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, урт хугацаанд төлөвлөсөн хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлсэн байна.

Мэдээж сайн талын хажуугаар доорхи саар талууд ч ажиглагдсан байна. 1-рт үнэт цаасны зах зээлд хиймлээр хүчтэй оролцох нь цаашид энэ зах зээл өөрөө өөрийгөө зохицуулах горим алдагдахад хүргэсэн, 2-рт ХНС-н баланс 2,7 их наяд ам доллар хүрсэн нь ХНС-т итгэх зах зээлд оролцогчдын хүлээлтийг бууруулсан, 3-рт нийт санхүүгийн системийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх болсон угжны хурга шиг мөнгө хийх үед л өсөж бусад үед унадаг, эцэст нь мэдээж дээрхи үйл ажиллагааны хүрээнд ХНС алдагдал хүлээх магадлал гарч ирсэн.


            Эцэст нь АНУ-н эдийн засгийн өнөөгийн төлөв байдлыг дүгнэжээ. Хэдийгээр ажилгүйдлын түвшин 10%-с буурч 8,3% болсон, их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийгдсэн ч инфляцийн түвшин ХНС-н зорилтод 2%-с даваж гараагүй. Мөн эдийн засгийн сектор тус бүрт өсөлтийн шинж тэмдэг ажиглагдаж  байгаа ч санхүүгийн зах зээл дахь зээлийн нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын итгэл бага хэвээр байгаа нь хэрэглээг хязгаарлаж, цаашид эдийн засгийн өсөлт ажиглагдаж үргэлжлэх, ажилгүйдлийн түвшинг хямралын өмнөх 6%-д хүргэж бууруулах магадлалыг багасгаж байна гэсэн байна. 

PS:  Зах зээл мэдэгдлийг эерэгээр хүлээж авсан ба 9-р сард АНУ-н ХНС QE3-г эхлүүлнэ гэдэг хүлээлт үүсгэсэн. Учир нь Бернанке мөнгөний бодлогийн уламжлалт бус арга хэрэгслийн үр өгөөжийн талаар маш их дурдсан мөн эдийн засаг ХНС-н хүсэж буй төлөвт очоогүй байгаа нт нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх үндэс болно гэж зах зээл дүгнэсэн.  Өөрийн хувийн бодлыг нэмэхэд QE3, Европын асуудал нэг тийш болтол эхлэхгүй, тэгэхээр эхний ээлжинд FED гэхээс илүү ECB-н action чухал байна.