Tuesday, February 26, 2013

Ухаалаг утасны үйлдлийн системийн Гуравдагч том үйлдвэрлэгч хэн болох бол...


Өнгөрсөн Даваа гаригт Испани улсын Барселон хотод Mobile World Congress -2013 буюу дэлхийн хэмжээний гар утас, таблет үйлдвэрлэгчид, тэдний үйлдлийн системийг нийлүүлэгчид цуглалаа.  Жил тутам ийнхүү цугларч өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, ололт амжилтаа зарлаж олонд сурталчилдаг байна.

2013 онд аль ч компанийн хувьд high-end буюу хамгийн сүүлийн үеийн загвар технологи дээр суурилсан, хүчин чадал өндөр, ухаалаг гар утас таблет зах зээлд нийлүүлэх талаар зарлаагүй боловч зах зээлд ноёрхож буй Google-н Андройд систем болон AppleIOS үйлдлийн системтэй өрсөлдөх шинэ үйлдлийн систем ямар байх уу? Аль компани энэ шинэ системийг нийлүүлэх нь оролцогчдын анхаарлын төвд байлаа. Мөн дийлэнх томоохон компаниуд 2013 онд хөгжиж буй улсууд ялангуяа Латин Америк болон Африкийн зах зээлд төвлөрөх стратегитай байгаагаа зарласан.
Дэлхийн хэмжээнд 2010 оноос эхлэн ухаалаг утасны зах зээлийн өсөлт саарч эхэлсэн ч биет ухаалаг утасны борлуулалт жил дараалан өсч буй нь доорх графикаас тодорхой харагдаж байна.
 


2008 онд 100 гаруй сая ширхэг ухаалаг утас борлогдож байсан бол 2012 онд энэ тоо 700 сая ширхэгт хүрч, хэрэглэгчдийн тоо дэлхийн хэмжээнд 2 тэрбум гаруй болоод байна. Судлаачдын үзэж буйгаар дээрх тоо ойрын 2-3 жилд хөгжиж буй зах зээлийн 1 тэрбум гаруй харилцагчдаар нэмэгдэнэ. Зах зээлийг тэлэх гол өрсөлдөөн тэнд явагдана гэж тооцож байна.
Ухаалаг утасны зах зээлийг үйлдлийн системийн хувьд задалж үзвэл 2012 оны байдлаар Google-н Андройд бараг 69%, Apple-ийн IOS 19.4% буюу хамтдаа 88.4%-ийг хянаж байна.
 


Ухаалаг утасны бренд болон борлуулалтын хувьд Samsung болон Apple компаниуд зах зээлийн 50-с дээш хувийг хянадаг байна.
 
Дээрх тоонуудаас дүгнэхэд хэд хэдэн шалтгаан зах зээлд оролцогчдыш шинэ үйлдлийн систем болон зах зээл эрж хайхад хүргэж байна. Үүнд:
-          Google-н Андройд системийн хувьд нийт зах зээлийн (Ухаалаг утасны үйлдлийн системийн) 70 орчим хувийг хянадаг ч ухаалаг утасны хувьд хамгийн том Андройд утас борлуулагч Samsung 1/3-г нийлүүлдэг. Өөрөөр хэлбэл 564 сая андройд утасны 350 сая орчим-г бусад компаниуд нийлүүлж байгаа нь энэ системийн хувьд шинэ тоглогч гарч ирэх бараг боломжгүй болгосон.
-          Apple-ийн IOS хувьд high end буюу хамгийн үнэтэй хаалттай системийг зах зээлд нийлүүлдэг. Дээр нь үйлдлийн систем (software) ба ухаалаг утасны (hardware) үйлдвэрлэл хамтдаа байдаг нь технологийн инновацийг зах зээл дэхь бусад тоглогчдод хаалттай болгодог.
-          Хойд Америк, Баруун Европ буюу хөгжингүй орнуудын ухаалаг утас хэрэглэгчдийн хувьд зах зээл ханасан, Apple болон Samsung бүтээгдэхүүнтэй өрсөлдөх боломж бага байгаа нь Гуравдагч-шинэ тоглогчдын хувьд илүү нээлттэй, өрсөлдөгчиддөө хянуулдаггүй, өртөг багатай, шинэ систем дээр суурилан хөгжиж буй улсуудын зах зээл дээр өсөх тэлэх боломжийг бий болгож байна.



Тэгвэл аль компани шинэ үйлдлийн систем нэвтрүүлэх хамгийн өндөр боломжтой байгаа бол ?

Samsung Google

Google үйлдлийн системийг нь нийлүүлж, Samsung нь ухаалаг утасны Galaxy бренд үйлдвэрлэн хамтарч буй нь тэднийг Apple-н томоохон өрсөлдөгч болгож байна. Мөн software болон hardware-ийн үйлдвэрлэл  тусдаа байгаа нь тэднийг Apple-с (энэ 2 үйлдвэрлэл нь хамт) илүү хурдан ажиллаж, ухаалаг утасны нийлүүлэлтийн хурдаараа Apple-ийн өмнө алхах боломж өгч байна.
Гэхдээ Google-с үйлдлийн системийн хувьд хамааралтай байх нь Samsung-д таалагдахгүй, Samsung богино хугацаанд андройд утасны зах зээлийн 40 гаруй хувийг хянадаг болсноор ирээдүйд bargaining power буюу Google-н гол зар сурталчилгааны орлогыг хуваах хэмжээгээ нэмэгдүүлэх (одоо 10% буй) тулгалт хийх аюул байгаа нь Google-д таалагдахгүй нь тодорхой. (Google-н гол орлого нь Google web search, youtube зэрэг андройд систем дээр суурилдаг бүтээгдэхүүнээс ордог. Орлого нь ч тун дажгүй байдаг нь тэдний хувьцааны нэгжийн үнэ хамгийн сүүлийн байдлаар 790 ам доллар буюу дэлхийн хамгийн үнэтэй компани байгаагаас харагдана.)
Энэ талаар талууд ч нээлттэй ярьж эхэлсэн ба тус тусдаа нэгнээсээ хамаарах хамаарлаа бууруулах арга хэмжээ авч эхлээд байна. Google –ийн хувьд 2011 онд Motorola-г худалдаж авсан нь Samsung-н эсрэг хийсэн тэдний даатгал болсон. Motorola нь 2012 оны байдлаар нийт ухаалаг утасны  зах зээлийн 1,9%-г эзэмшиж байгаа, Galaxy болон Iphone-ийн эсрэг XPhone бренд гаргахаар ажиллаж байна.

Samsung нь өөрөө гар утасны хамгийн том эд анги үйлдвэрлэгч, ийм ч учраас тэдний хувьд Google-с илүү олон сонголт байна.Samsung өнөөдрийн байдлаар 2 үйлдлийн системтэй шинэ утас гаргахаар ажиллаж байна. 1-рт, Microsoft-тай хамтарч Windows систем ашиглахаар, 2-рт Intel group-тэй хамтран Tizen хэмээх утасны шинэ үйлдлийн систем бүтээх зорилттой байна.

Google-н Андройд системийн амжилт Samsung-н бусад өрсөлдөгчид нь ч даах боломжгүй маркетинг сурталчилгааны зардалтай шууд хамааралтай.  Энэ нь  Google тийм ч хурдан Samsung-с салах боломжгүй, Samsung ч нэгэнт зах зээлд танигдсан Galaxy бренддээ шууд өрсөлдөгч гаргаж ирэх сонирхол байхгүй нь тэдний зүгээс шинэ үйлдлийн систем гаргаж ирэх магадлалыг багасгаж байна. Гэхдээ хоорондын чимээгүй дайн эхэлсэн. Motorola нь Samsung-н Баруун Европ дах бренд хариуцсан захирлын headhunt хийсэн бол Samsung нь зөрүүлээд Motorola-ийн технологи, инженерүүдийг тоншиж эхэлсэн сүүлийн сураг байна.

Nokia -Windows

Nokia- Хуучны хамгийн том гар утас үйлдвэрлэгч, ухаалаг утас зах зээлд нэвтэрснээс хойш үнэхээр зах зээл дээрээс арчигдах дээрээ тулаад байгаа. Энэ нь  шинэ гүйцэтгэх захирал Элоп: Бид  шатаж буй тавцан дээр зогсож байна, эндээс хаашаа үсрэхээс хамаарч компанийн хувь заяа шийдэгдэнэ гэж хэлснээр ил болсон.
Шинэ гүйцэтгэх захирлын хувьд явах зам тийм ч олон байгаагүй. Энэ нь Nokia 2011 онд Microsoft Inc-тэй хамтран ажиллаж Windows дээр суурилсан шинэ ухаалаг утасны үйлдлийн систем нэвтрүүлэхээр хамтарч ажилласнаар харагддаг.

Гэвч энэ оролдлого нь амжилт олоогүй ба зах зээлд эзлэх хувь 2011- 2012 онд 17,9%-с 5,8% болж буурчээ. Nokia-ийн хувьд шинэ үйлдлийн систем нэвтрүүлэхээс илүү зардлаа хэмнэх, хөгжиж буй улсуудын зах зээлд affordable smart mobile device нийлүүлэх шинэ стратегид чиглээд байна. 2012 онд зардал хэмнэх үүднээс нийт 65 000 ажилтныхаа 20 000-ийг, дэлхий даяар байсан 500 үйлдвэрлэлийн цэгүүдийн 200-г нь хаажээ. Энэ нь ч үр дүнгээ өгч 2012 оны 4-р улиралд балансын ашигтай гарсан байна.

Mozilla Firefox

Барселоны арга хэмжээний хамгийн содон үйл явдал нь Mozilla Firefox компани, вэб технологи дээр суурилсан, Firefox OS ухаалаг утасны үйлдлийн шинэ системээ танилцуулсан явдал байлаа. Энэ нь одоо буй системүүдээс доорх давуу талтай. Үүнд:
-          Ухаалаг утасны application хөгжүүлэгчид эцсийн хэрэглэгчидтэй шууд холбогдох боломжтой болсон. Өөрөөр хэлбэл Apple болон Samsung-тай ашиг хуваахгүй.
-          Гар утасны оператор компаниудын хувьд өөрийн application болон үйлчилгээг харилцагчддаа борлуулах боломж үүснэ. Өөрөөр хэлбэл зөвхөн Apple-ийн бүтээгдэхүүнийг заралгүй, шинэ контент байж болно.
Дэлхийн хэмжээний гар утасны томоохон операторууд болох 18 компани Mozilla Firefox-тай хамтран ажиллахаар нэгдээд байгаа нь энэхүү open web based системийг дэлхийн хэмжээнд гуравдагч, өргөн ашиглагддаг үйлдлийн систем болох магадлалыг өсгөж байна.

Бусад жижиг тоглогчдын хувьд

HTC

Тэдний хувьд шинэ өрсөлдөөнд оролцох байтугай, АНУ-ийн зах зээл дээр цаашид ажиллах эсэх нь эргэлзээтэй нөхцөлд байна. HTC андройд систем дээр суурилсан гар утас нь АНУ-н Худалдааны Комиссийн үзэж буйгаар цахим аюулгүй байдлын хувьд өндөр эрсдэлтэй гэсэн үнэлгээ аваад байна.
Комиссийн зүгээс тэднийг утасны logging device болон network асуудлаа шийдвэрлэх хугацаатай даалгавар өгөөд байгаа. Ухаалаг утсаар интернетийн орчинд ажиллаж, санхүүгийн болон хувийн мэдээлэл өргөн хэмжээгээр дамжиж буй орчин үед цахим аюулгүй байдал өндөр түвшинд байх нь түүнд тавих эхний шалгуур биз дээ.

Jolla

Nokia-д ажиллаж байсан хэсэг нөхөд сим карт ашигладаггүй, ухаалаг утасны шинэ үйлдлийн систем бүтээхээр Jolla-г үүсгэн байгуулаад байна. Тэдний хувьд эхний даваа нь 2013 оны хувьд олон улсын аль нэг бирж дээр бүртгэгдэх санхүүгийн эх үүсвэр босгох болж буй. Энэ нь тэднийг өрсөлдөөнөөс шууд хасч байна.

LG

Тэд хуучны ухаалаг утасны томоохон тоглогчдын нэг байсан ч дотоодын өрсөлдөөнд Samsung-д дарагдаж, зах зээлд эзлэх хувь нь 2010-2012 онд 8.6%- 3.6% болж буураад байна. 2013 оны стратеги нь lower end ухаалаг утасны зах зээлд төвлөрч, Хятадын зах зээл дээрх байр сууриа бэхжүүлэхээр зарлаад байна. Гэвч Хятадын энэ төрлийн зах зээл дээр Huawei болон Lenovo ширүүн өрсөлдөж буй нь амжилтын магадлалыг бууруулж байгаа.
LG нь өөрийн телевиз үйлдвэрлэлийн технологи туршлага дээр суурилж дүрслэл өндөртэй lower end ухаалаг утас хийх нь тэдний  өрсөлдөөний давуу тал гэж үзэж байна.


Sunday, February 17, 2013

Around global consumer business


Дэлхийн хэмжээний хүнс, өргөн хэрэглээний бүтээгдхүүн үйлдвэрлэгч бизнес группууд тэдний эргэн тойронд болж буй шинэ соргог мэдээ, үйл явдлуудыг багцлав.

-          Бельги улсад бүртгэлтэй  AB In Bev буюу дэлхийн томоохон шар айраг үйлдвэрлэгчийн  Мексикийн  Modelo Group буюу АНУ-ийн импортын шар айрагийн зах зээлд тэргүүлэгчийг 2012 онд 20 тэрбум ам доллароор худалдан авч буй арилжаанд АНУ-ийн Хууль зүйн Яам хориг тавиад байна.

AB In Bev-ийн Bud Light болон Modelo-ийн Corona extra брендууд нэг багцад орсноор AB In Bev нь АНУ-ийн 80 тэрбум долларын эргэлт бүхий шар айрагний зах зээлийн 46%-ийг хянах боломжтой болсон  нь АНУ-ийн Хууль Зүйн Яамыг хориг тавих нөхцөл бүрдүүлсэн байна.
AB In Bev-ийн хувьд энэ худалдан авалтаас буцалгүй, Хууль зүйн Яамтай харилцан тохиролцож арилжааны шинэ санал өнгөрсөн долоо хоногт гаргасан байна. Тэдний зүгээс томоохон буулт хийж худалдан авалтын нөхцөлүүдээ доорх байдлаар сайжруулсан байна.

-          Тэд гэрээнд 3-гч тал Constellation wine brands оруулж ирж байгаа ба арилжааны шинэ нөхцөлийг Хууль Зүйн Яам зөвшөөрсөн нөхцөлд Constellation wine brands АНУ-ийн шар айрагний зах зээл дээрх 3-гч том тоглогч болно.
-          Мodelo Group-ийн Corona болон бусад брэндүүдийг АНУ-ийн зах зээлд нийлүүлэх, борлуулах эрх (АНУ-ийн шар айрагний зах зээлийн 9%)  мөн Modelo Группын эзэмшлийн хамгийн сүүлийн үеийн технологи бүхий шар айрагний үйлдвэрийг (15 000 хектолитр хүчин чадалтай өөрөөр хэлбэл Modelo Group-ийн нийт хүчин чадлын 1/6, мөн АНУ-д хийдэг экспортын 60%-г энэ үйлдвэр нийлүүлдэг) 2.9 тэрбум доллароор Constellattion wine brands –д худалдана.
-          Мөн AB In Bev-ийн АНУ дахь нэгж Crown Imports-ийн эзэмшиж буй Мodelo Group-ийн 50% хувьцааг Constellation wine brands-д 1.85 тэрбум доллароор худалдахаар болсон байна.

Шинжээчдийн дүгнэж буйгаар хэдийгээр AB In Bev 2012 онд Modelo Group-ийн 50%-г худалдаж авах үедээ EBITDA буюу татвар, хүү болон элэгдлийн өмнөх ашгийг 13 дахин үржүүлж 20 тэрбум буюу бараг тухайн үеийн Modelo Group-ийн зах зээлийн үнэлгээ дээр 4 тэрбум ам доллар илүү төлж авсантай харьцуулбал Constellation wine brandsEBITDA-г 9 дахин үржүүлсэн үнээр л худалдаж байгаа нь алдагдалтай харагдах боловч доорх давуу талуудтай гэсэн байна. Үүнд:
1.      Мексикийн харьцангүй бага хөгжсөн  өсөлтийн боломж өндөр шар айрагний зах зээлд ажиллах боломж үүснэ.
2.      Борлуулалтын сүлжээ, тээвэр, маркетингийн зардлаа нэгтгэснээр нийт 7 тэрбум ам долларын нэгдэлтийн синержи үүсч зардал хэмнэгдэнэ. (4 тэрбум примум үнэ юу ч биш)
3.      Constellation wine brands нь шар айрагний зах зээлд ажиллах туршлага чадвар байхгүй нь өрсөлдөөний орчинд томоохон өөрчлөлт авчрахгүй.

Зах зээлийн хувьд дээрх мэдээг тун таатай хүлээн авсан ба 2 компанийн хувьцааны үнэ ханш өссөн байна. Одоо АНУ-ийн Хууль Зүйн Яам шийдвэрийг хэрхэн хүлээн авах нь сонин байгаа. Гэхдээ олонх шинжээчдийн хувьд AB In Bev эрх баригчидтай урьдчилан тохиролцож байж л ийм хэмжээний мэдэгдэл хийнэ  гэж таамаглаж байна.

-          Японы Кирин групп Сингапурын F&N компанид эзэмшдэг 15% -ийг Тайландын тэрбумтан хөрөнгө оруулагчид зарлаа.

Сингапурт бүртгэлтэй F&N групп нь Asia Pacific Brewery буюу Зүүн өмнөд Азийн зах зээл дээр хамгийн өндөр өсөлт бүхий шар айраг үйлдвэрлэгчийг эзэмшдэг нь Тайландын тэрбумтан  болон Heineken группын хооронд APB-г эзэмших гэж өрнөсөн тэмцлийн төв болсон. Тэмцэлд Heineken групп ялж шар айрагний бизнесийг нь Тайландын тэрбумтанд үл хөдлөх, хэвлэлийн бизнес нь үлдсэн нь Киринд 15% зарж бизнесээс гарах л зам үлдээсэн байна.
       Зах зээлд оролцогчид Кирин хувьд F&N-ийн Зүүн өмнөд Азид амжилттай байршсан ундаа, жүүсний бизнесийг сонирхоно хэмээн таамаглаж байсан ч Японы компани, Вьятнам болон Бразилд эхлүүлсэн бизнестээ төвлөрөхөө зарлаж өмнө дурьдсан компанид эзэмшиж байсан хувиа 630 сая ам долларын ашигтай зараад гарч явлаа. 2010 онд Кирин нь F&N-ийн 15%-г 970 сая ам доллароор худалдаж авч байсан бол 2012 онд 1.6 тэрбум доллароор үнэлж борлуулсан байна.


-           Японы, дэлхийн шар айрагний зах зээл дээр тэргүүлэгч нөгөө компани болох Асахи 2013 онд Зүүн Өмнөд Азийн зах зээл дээр түлхүү анхаарч энэ бүс нутаг дахь борлуулалтаа 1 тэрбум ам долларт хүргэхээр зарлалаа.

Асахигийн хувьд энэ бүс нутаг, онцолж Австрали болон Шинэ Зеландын зах зээлд төвлөрөх сонирхолтой байна. Гэвч 2012 онд Авсртралийн Independent Liqueur Limited-г 1.3 тэрбум ам доллароор худалдан авсан нь шүүх дээр очоод байна. Тэдний үзэж буйгаар худалдан авалтанд зуучилсан One Capital тэргүүтэй хөрөнгө оруулалтын зуучууд хиймлээр Independent Liqueur LimitedEBITDA-г нэмэж, худалдан авалтын өртөгийг нэмэгдүүлсэн гэж дүгнэж байна.
Гэвч дээрх нь 2013 онд энэ бүсээс шинэ худалдан авалт хийх сонирхлыг бууруулахгүй бололтой, Хятад дахь хамтарсан үйлдвэрийн хувиа багасгаж зарсан тэд мөнгөтэй байна.

-          Going private буюу зах зээл дэхь шинэ хандлага

Dell Inc-ийн 24 тэрбум доллар болон Heinz-ийн 28 тэрбум долларын хувьцаат компаниас буцаж хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон хэлцэл. Apple-ийн Тим Кук 138 тэрбум баланс дээрх мөнгөн хөрөнгө хувьцаа буцааж худалдан авах, ноогдол ашиг тараах зэрэгт зарцуулах гэж зарим хөрөнгө оруулагч нартай үзэлцэж байгаа нь зах зээлийн ирээдүйн трендийг тодорхойлж байна.

Дээрх хандлага нь 1-рт хувьцааны ханшийн хэлбэлзэл өндөр байгаа нь том компаниудын хувьд нээлттэй зах зээл дээр байх нь эрсдэлтэй аюултай болж байна, (Apple хувьцаа 700 ам доллар байсан одоо 400 гаран ам доллар байна.) , 2-рт энэ компаниудын хувьд дэлхийн эдийн засгийн ирээдүйд итгэл бага байгаа нь хөрөнгө оруулалтаа хумьж илүү мөнгө зөв зарцуулж эхэлснээр тайлбарлагдана.

Apple-н хувьд тэдний шинэ бүтээгдхүүнд тавигдаж буй хэрэглэгчдийн өндөр хүлээлт айдас дагуулж болох л юм. Харин Heinz хувьд үндэслэл нь сонин байж магадгүй. Warren  Buffet болон Бразилийн тэрбумтны эзэмшлийн 3G private equity компани дэлхийн хэмжээний соус үйлдвэрлэгчийг 28 тэрбум доллароор худалдаж аваад байна. Buffet-ийн хувьд угийн өргөн хэрэглээний компаниудын хувьцаанд дуртай хүн харин 3G-ийн хувьд багцдаа Burger King-ийг эзэмшдэг нь хардлага үүсгээд байна.

Coус, кетчупний дайн өрнөх бий дээ, магадгүй Mac Donalds хувьд энэ аюул байж болох юм. Heinz нь АНУ-ийн соус кетчупний зах зээлийн 60%, дэлхийн хэмжээнд бол бараг л өрсөлдөгчгүй компани юм. Ойрын өрсөлдөгч Hunt сoус, кетчуп үйлдвэрлэгч зах зээлийн 20%-г хангадаг байна. Mac burger кетчупгүй иднэ гээд төсөөлдөө....

Saturday, February 16, 2013

G-20, Currency war


Их 20-ын уулзалт болон Валютын ханшийн сөргөлдөөн

Сүүлийн 2 долоо хоногийн турш дэлхийн санхүүгийн хэвлэлүүд Currency war буюу дэлхийн голлох улсуудын хооронд өөрийн орны валютын ханшийг зохиомлоор сулруулах замаар экспортын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлсэн талаар хэлэлцлээ. Яриа ч ор үндэсгүй зүйл биш бөгөөд Япон Улсын Засгийн эрхэнд Шинзо Абе тэргүүтэй либерал демократууд гарч ирснээр дэлхийн хэмжээнд асуудал улам хурцаар тавигдаж байна.
Абе нь сонгуулийн мөрийн хөтөлбөртөө 1980-аад оноос хойш зогсонги байдалд буй (Lost decade хэмээн эдийн засгийн түүхэнд орсон) Япон улсын эдийн засгийг мөнгөний бодлогыг инфляцийн түвшинтэй уялдуулах, засгийн газрын дэд бүтцэд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иены ханшийн чангаралтын эсрэг интервенц хийх болон Япон улсын Засгийн газрын бондыг худалдан авах замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зэрэг арга хэрэгслийг ашиглаж, дефляцийн нөлөөллөөс гаргана гэж амласан. 2012 оны 12 дугаар сарын 16-ны өдөр парламентийн сонгуульд ялж, ерөнхий сайд болсон мань эр амласан бүхнээ хэрэгжүүлж эхэлснээр сүүлийн 2 сарын хугацаанд ам.долларын эсрэг иены ханш 76-с 94 хүртэл 20% сулраад байна.
            Богино хугацаанд иены ханш ингэж Засгийн газар, улсын оролцоотойгоор суларсан нь бусад экспортын тэргүүлэх улсууд, ялангуяа Холбооны Бүгд Найрамдах Герман болон Өмнөд Солонгос улсуудын хувьд гомдол гаргах, дэлхийн улсуудын анхаарлыг энэ асуудалд хандуулах сонирхол үүсгээд байна. Эдгээр улсуудын гомдол ч эдийн засгийн үндэслэлтэй бөгөөд, хэрэв дэлхийн голлох эдийн засагтай улсууд өөрийн валютын ханшинд хүчээр нөлөөлж, бусад гадаад худалдааны өрсөлдөгч улсуудын мөнгөн тэмдэгтийн эсрэг сулруулж эхэлвэл, 1970 он буюу Бреттон Вуудсын тохиролцоо дуусгавар болсноос хойш мөрдөж буй зах зээлийн жамаар валютын ханш тогтох механизмаас ухарч, улмаар дэлхийн хэмжээний гадаад худалдааны эргэлт буурах, эргээд эдийн засгийн хямралыг даамжруулах эхлэл болно.
            Японы засгийн газрын баримталж буй бодлого ч өөрийн улсын хувьд зөв.
Учир нь тус улс нь сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 5 удаа эдийн засгийн хямралд өртөөд байна. (ДНБ-ийн хэмжээ 3-н улирал дараалж сөрөг өсөлттэй гарсан нөхцөлд эдийн засаг хямарч байна гэж үздэг).  
1980-аад оны Япон Улсын экспорт дээр суурилсан эдийн засгийн өсөлт хурдац, дэлхийн хэмжээнд Япон Улсын эдийн засгаас  хамаарах хамаарлыг нэмэгдүүлж байсан нь АНУ болон бусад улсуудын зүгээс Япон Улсыг шахаж, эдийн засгийн халалтыг хөргөх зорилгоор иены ханшийг  ам.долларын эсрэг 140-с 100 иен рүү чангаруулсан нь Япон Улсын хувьд Lost Decade буюу эдийн засгийн зогсонги байдлыг авчирсан.
            Улмаар эдийн засгийн зогсонги байдал даамжирч Японы Засгийн газрын өр ДНБ-ий нийт хэмжээнээс 2,2 дахин нэмэгдсэн ч Япон Улсын эдийн засгийн онцлог болох дотоодын хуримтлалаар санхүүжигдаж, Грек болон Европын холбоонд тулгарсан шиг нөхцөл байдал үүсгээгүй.
Гэвч 2008 оноос эхэлсэн дэлхийн эдийн засгийн шинэ хямрал нь дотоодын хуримтлал өндөр, гадаад худалдааны тэнцэл нь ашигтай Япон улсыг хямралаас зугтах газар (safe heaven) болгон их хэмжээний бусад валют дээрх хөрөнгийн урсгал иенд шилжиж, хөрөнгөнд байршсан нь шинэ дарамт үүсгэсэн.
            2012 онд иены ханш ам.долларын эсрэг дэлхийн 2 дугаар дайнаас хойшхи хамгийн өндөр буюу 75 хүрч, Япон Улсын томоохон экспортлогч нарын хувьд оршин байх нөхцөлгүй болж, гадаад худалдааны тэнцэл алдагдалтай гарах болсон. Энэ нь эргээд тэдний дотоод эдийн засгийн тэнцвэрт сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн. Иймд Абегийн шинэ засгийн бодлого Японы хувьд зөв болно.

Энэ долоо хоногийн Мягмар гаригт хуралдсан Их-7–ын уулзалтын хүрээнд дээрх асуудлыг хэлэлцэж, эдийн засаг, мөнгөний бодлогыг валютын ханшийг бай болгохгүй зөвхөн дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлнэ гэсэн санамж бичигт гарын үсэг зурсан. Өнөөдөр болон маргааш Москва-д зохион байгуулагдах Их-20-ийн уулзалтын хүрээнд ч энэ асуудал чухал сэдвийн нэг байхаар байна.

Их-7 болон Их-20-ийн уулзалтын хүрээнд Япон Улсыг ганцааранг нь валютын ханшийн сөргөлдөөн үүсгэж буйд буруутгах аргагүй юм. Хэрэв эдийн засгийн өсөлтийг хангах, гадаад худалдааны өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх зорилгоор мөнгө хэвлэж эдийн засагтаа нийлүүлэх нь ч  Currency war-тай адил гэж үзэх нөхцөлд энэ дайн, 2008 онд АНУ-ийн сангийн сайд Паулсон 800 тэрбум доллар хэвлэж, засгийн газрын бондоо худалдаж авснаар эхэлсэн. Хямралаас зугтаж Европын холбоо, Хятад, Япон зэрэг томоохон эдийн засаг бүхий улсууд бүгд энэ замыг сонгосон.
Мексикийн Төв банкны ерөнхийлөгч Карстений үзэж буйгаар энэ бодлого (дайн)-ын гол хохирогчид нь хөгжиж буй улсууд болсон. Өөрөөр хэлбэл хэвлэсэн хямд мөнгө, бага хүүтэй улсаас дайжиж, эдийн засгийн өсөлт бүхий өндөр хүүтэй, эрэлт бүхий хөгжиж буй улсуудын хөрөнгөд байршиж эхэлсэн нь хиймэл хөрөнгийн үнэ цэнийн өсөлт дагуулж, улмаар тухайн улсын валютыг чангаруулж, гадаад худалдааны өрсөлдөх чадварыг нь багасгаж байна. Хэрэв хөгжингүй улсуудын бодлого эргэсэн нөхцөлд hot money гарч явснаар хөгжиж буй улсуудын эдийн засагт цохилт өгч хямрал дагуулах аюултай.

Япон Улсын өмнөх ерөнхий сайд Нода тэргүүтэй консерватив Засгийн газар АНУ, Европын холбоо болон Хятад Улстай харьцуулбал харьцангүй бага хэмжээний мөнгө хэвлэж, эдийн засагт оруулсан бөгөөд энэ ч магадгүй Их-7-ын уулзалт дээр бусад улсууд Япон Улсын зүг дайралт хийгээгүйнх нь үндэс байх. Хамгийн гол нь бусад улсуудын 2-3 жилд хийсэн ажлыг Япон Улсын Засгийн газар 2-3 сарын дотор хийж, үр дүн гаргасан нь л валютын ханшийн сөргөлдөөнийг сөхөж гаргаад байна. Гэтэл энэ нь зөвхөн дэлхийн хэмжээнд эдийн засгийн тууштай макро бодлогын зураглал байхгүйд оршиж байна. Япон улсын Засгийн газрын бодлого зах зээл дээр хамгийн тод ойлгомжтой байсан нь ийм үр дүн авчирлаа.

Хямралаас гарах шинэ төрлийн мөнгөний бодлогууд хэрэгжиж эхлээд 3-4 жилийн нүүр үзлээ...... Гэтэл Их-20 улсуудын 1/3 нь 2012 оны 4 дүгээр улиралд эдийн засгийн сөрөг өсөлттэй гарсан. Өөрөөр хэлбэл Currency war бүгдийг нь нэг нүхэнд байлгасаар л байна. Маргааш нөгөөдөр Москвагийн чимээг сонсоод итгээд хүлээх үлдлээ.