Monday, July 1, 2013

Dell Inc–н толгойн өвчин: Хэрхэн хилийн чанадад олсон орлого буцааж АНУ-д оруулж ирэх вэ?



2013 оны 1-р улиралд АНУ-ийн хөрөнгийн зах зээл дээр хийгдсэн томоохон хэлцлийн нэг нь Dell Inc бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниас буцаж хязгаарлагдмал хариуцлагатай хувийн компани болсон 24.4 тэрбум өртөг бүхий арилжаа байлаа.

Нийт 24.4 тэрбум ам долларын санхүүжилтыг доорх байдлаар бүрдүүлсэн байна. Үүнд:

-          13.75 тэрбум банкуудын зээл
-          2 тэрбум Microsoft Inc зээл
-          1.4 тэрбум нь Salt Like PE хөрөнгө оруулалт
-          0.75 тэрбум нь Майкл Деллийн хувийн хөрөнгө оруулалт
-          7.4 тэрбум нь Dell Inc мөнгөн хөрөнгөөр санхүүжигдхаар төлөвлөгдсөн байна.

2013 оны 1-р улирлын эцсийн байдлаар Dell Inc баланс дээр нийт 13.2 тэрбум ам долларын мөнгөн хөрөнгө байршиж буй ч дөнгөж 500 сая ам доллар нь АНУ-д бүртгэлтэй дансууд дээр байршиж байна. Энэ нь компаниас гарах 7.4 тэрбум ам долларыг АНУ-д буцааж татах, үүнтэй холбоотойгоор гарах 2.6 тэрбум ам долларын татварын асуудлыг сөхөөд байна. (АНУ-ийн компаний орлогын албан татвар 35%)

Компаний зүгээс дээрх татварыг төлөхгүйгээр мөнгөн хөрөнгө АНУ-д оруулж ирэх, хэлцлийг төлөвлөсөн дагуу санхүүжүүлэхээр томоохон баг гарган ажиллаж буй ч одоогоор шийдэлд хүргээгүй л байна.

Өмнө энэ төрлийн татварын эрсдлээс дэлхийн хэмжээний томоохон компаниуд АНУ-ийн татварын тогтолцооны ямар нэг сул талыг олж зайлсхийж ирсэн ч татварын алба тухай бүрт нь дээрх онгорхой нүүхийг таглаж ирээдүйд ашиглах боломжгүй болгодог.

Татварын систем сайн ажиллаж буй нь  Apple inc-ийн баланс дээр 148 тэрбум ам долларын мөнгөн хөрөнгө байгаа ч хувьцаа буцааж худалдаж авах, хувь нийлүүлэгчлдэд ноогдол ашиг тараах 17 тэрбум ам долларын санхүүжилтаа мөнгөн хөрөнгө ашиглахгүйгээр бондын зээлжилтээр шийдсэн хувилбар батална.

2012 оны хувьд энэ төрлийн татварын асуудлаа хамгийн амжилттай шийдсэн компаниар Johnson&Johnson-ийн АНУ дахь эмийн сүлжээ Synthes-ийг худалдаж авсан 19.8 тэрбум ам долларын хэлцэл багтаж байна.

Тэд Synthes-ийг өөрийн Ирланд дахь охин компани Janssen Pharmaceutical Inc худалдан авч, хилийн чанад дахь мөнгөн хөрөнгө ашигласан ба дараа нь өөрийн бас нэг хилийн чанадад бүртгэлтэй охин компаниад шилжүүлж, Synthes-ийг татан буулгасан байна.

Татвараас амжилттай бултахад доорх 2 хүчин зүйл нөлөөлсөн байна. Үүнд:
-          Дээрх бүх хөдөлгөөн 1 улирал дотор багтсан өөрөөр хэлбэл татварын байгууллагад тайлагнах албагүй хугацаанд явагдсан.
-          Худалдаж авсан компани татан буулгаж нэгтгэснээр J&J нь татвар тайлагнах хугацаанд АНУ-д бүртгэлтэй компани хувьцаа эзэмшдэггүй харагдаж байсан

Ингэснээр тэд нийт 6.9 тэрбум ам долларын татвараас зайлсхийж чадсан байна. Dell inc-ийн хувьд дээрх аргачлалыг ашиглах боломжгүй болсон учир нь АНУ-ийн татварын алба компанийг худалдан авч нэгтгээд тараасан нөхцөлд ирээдүйд үүсч буй шинэ компани татварын хариуцлагыг үүрнэ гэж нэмэлт өөрчлөлт оруулсан.

Зах зээл дээр яригдаж буй хамгийн боломжит хувилбар нь Dell Inc гадаадад бүртгэлтэй гибрид компани байгуулах, АНУ-д энэ компани нь нөхөрлөл хэлбэрээр аж ахуйн нэгжийн бүртгэлтэй байх бол нөгөө гадны бүртгүүлсэн улсдаа ХХК хэлбэрээр бүртгэгдсэн байна. Энэ охин компани Dell Inc гадна буй 13.2 тэрбум ам долларыг ашиглаж хэлцлийн санхүүжилтыг хийнэ.

Wednesday, May 1, 2013

Газпромын монополь Европ-д алдагдаж байна.


Өчигдөр ОХУ-ийн Газпром нэгдэлийн мэдэгдснээр 2012 онд тэдний цэвэр ашиг 15% буюу 6,5 тэрбум ам доллароор өмнөх оноос буурчээ. Гол шалтгаан нь нийт борлуулалтын 25%-г эзэлдэг Европын холбооны улсуудад хийх борлуулалт 9%-р буурсан болсон байна.

Газпром нэгдэл нь эзэмшиж буй хийн түлшний нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг ба Путин тэргүүтэй ОХУ-ийн удирдлагуудын хувьд хийн түлшний Европ дахь монополь нийлүүлэлтээрээ улс төрийн бодлого хэрэгжүүлдэг гэж буруутгагддаг. Энэ нь ч нэг талаараа үнэн тэд 2006-2009 онд өөрийн хөрш орнуудад (Болгар, Польш, Украйн) хийн түлшний нийлүүлэлтээ ид өвөлөөр хааж өндөр үнэ тулгаж байсан.

2010 онд хийн түлшний үнэ түүхэн дээд ханшиндаа хүрэх үед Газпром дэлхий дээр хамгийн өндөр үнэлгээтэй буюу 1 триллион ам долларын зах зээлийн үнэлгээтэй компани болж, улмаар ОПЕК-тэй төстөй ОХУ-ийн манлайлал доор хийн түлш экспортлогчдын блок хүртэл байгуулахаар яригдаж байсан. Гэвч дэлхийн эрчим хүчний зах зээл дээр гарч ирсэн shale gas  revolution буюу далайн гүнээс шингэн хий олборлож ашиглаж эхэлсэн нь нөхцөл байдлыг эсрэгээр нь эргүүлээд байна.

Ялангуяа АНУ энэ хувьсалын тэргүүнд алхаж, дотоодын эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангаж улмаар экспортолж эхэлсэн нь тэдний Европ руу нийлүүлэх нүүрсний (дотоодын зах зээлд илүүдсэн) хэмжээг өсгөж тэнцвэртэй эрчим хүчний эх үүсвэр хайж буй Зүүн Европын орнуудад Газпром, ОХУ-с эрчим хүчний хувьд хамаарах хамаарлаа буулгах боломж олгоод байна.

Газпром компанийн хувьд зах зээл дээрх дээрх өөрчлөлтийг аюул занал гэж хүлээж авахгүй, компанийн уламжлалт бизнесийн моделийг (орлого өсгөхийн тулд үнийг өндөрт барина, нийлүүлэлтээ нэмэгдүүлэх арга хэмжээ авахгүй ) өөрчлөхгүй гэж удаа дараалан мэдэгдээд байна. Гэвч ОХУ-ийн удирдлагын зүгээс нийт экспортын валютын орлогын 10%-г бүрдүүлдэг Газпромын орлогын уналтыг тэвчихгүй бизнесийн загвараа өөрчлөх шаардлага чиглэл өгсөн байна. Мөн компаниас хамаарах хамаарлаа буулгаж хийн түлш Европ руу экспортлох эрхийг хэд хэдэн бусад компаниад олгохоор яриж байна.

Европын холбооны улсуудын зах зээл дээр Газпромын алдагдаж буй орон зайг бусад өрсөлдөгчид нь амжилттай нөхөн эзэлж байна. Жишээ нь, 2008-2011 оны хооронд Катар улс Европын зах зээлд нийлүүлэлж буй хийн түлшний экспортоо 4 дахин нэмэгдүүлсэн бол Норвегийн Стайтойл хийн түлшний үнийг буулгах замаар борлуулалтаа 2 дахин нэмэгдүүлсэн байна. Ингэснээр 2008 онд Европын  холбооны хийн түлшний импортын 43% ноогдож байсан Газпром 2012 онд 31,5% -г хангаж байна.

Энэ бүх өөрчлөлтөөс зүүн Европын улсууд хамгийн их ашиг хүртэж байгаа ба Газпром нэгдлээс 2013 оны үнийн хувьд 20 хүртэл хувийн хямдрал аваад байна. Мөн тэд эрчим хүчний тогтвортой аюулгүй байдлаа хангах үүднээс олон төрөлт арга хэмжээ авч байна. Үүнд:
1.      Герман, Итали зэрэг ОХУ-тай эн зэрэгцэж хийн түлшийг хямдаар авдаг улсуудын сүлжээ руу шугам шинээр татаж, тэднээр дамжуулан хийн түлш авч байна.
2.      Польш, Болгар зэрэг улсууд Балтийн болон Хар Тэнгис дэхь хийн түлшний олборлолтыг эхлүүлэхээр дэлхийн томоохон эрчим хүчний томчуудтай гэрээ үзэглээд байна.
3.      Мөн өөрийн газар нутгын давуу талыг ашиглаж Оросын талыг буулгаж авч байна. Жишээ нь, ОХУ-ийн eastern stream буюу Өмнөд Европ руу тавьж буй хийн хоолой Болгар улсын нутгаар дамжиж буй нь тэдэнд үнэ буулгаж хэлэлцэх давуу тал олгосон байна.
4.      Зарим улсуудын хувьд далайгаар хийн түлш импортоор авах нөхцөлөө сайжруулж байна. Польш улсын хувьд Балтийн тэнгис-д шинээр хийн түлш хүлээж авч, хадгалах боомт бариж байна.

Европын холбооны удирдлагын зүгээс ч Газпромын монополийн эсрэг тэмцэж байгаа ба хэрэв үнийг хөөрөгдөж, өрсөлдөөнийг хязгаарласан нь тогтоогдсог нөхцөлд нийт борлуулалтын 10%-р торгуулах нөхцөл байдал үүсээд байна.

Tuesday, April 30, 2013

Free chat apps or paid SMS


Телеком медиа салбарын зөвлөх Informa компанийн дүгнэлтээр интернет дээр суурилсан  Chat apps-д нь оператор компаниудын уламжлалт SMS үйлчилгээний орлогын бууралтанд гол нөлөө цаашдаа үзүүлэхээр байна. Whats up, Viber, Kik болон AppleiMessage, Facebook chat-ийн үйлчилгээний хэрэглэгчид 2013 онд 1-р улиралд өдөрт дунджаар 41 тэрбум мессеж хоорондоо илгээсэн нь уламжлалт оператор компаниудын өдрийн дундаж эргэлтийг гүйцэж улмаар оны эцэс гэхэд 2 дахин давж гарах төлөвтэй байна.

Оператор компаниудын хувьд жилийн 120 тэрбум ам долларын багтаамж бүхий уламжлалт SMS үйлчилгээний зах зээлээс салах уу эсвэл зах зээлээ хамгаалж тэмцэх үү гэсэн сонголтын өмнө туллаа.

Таван жилийн өмнө ухаалаг утаснууд зах зээлд нэвтэрснээр анх гарч ирсэн эдгээр chat apps-д нь интернет дээр суурилсан үнэ төлбөргүй мессеж, яриа, видео файлын холбоос илгээх боломжуудыг хэрэглэгчдэд олгож байна. Тэргүүлэх ухаалаг утас үйлдвэрлэгчдын хувьд энэ аюулыг мэдэрч тэдэнтэй өрсөлдүүлэн өөрсдын chat apps-г зах зээлд гаргасан. Гэвч Apple-н iMessage, Black berry messenger болон Facebook chat нь 8-н ажилтантай анх үйл ажиллагаа эхэлсэн Whats up компанийг дэлхий дээр 200 сая хэрэглэгчтэй болж, технологийн компанийн хувьд Twitter-ийн зинданд хүрэхэд саад болж чадаагүй байна.

Зах зээл дээрх энэхүү өөрчлөлт чиг хандлагыг зарим ухаалаг утас үйлдвэрлэгчид хүлээн зөвшөөрч тэдэнтэй хамтран ажиллах замыг сонгож байна. Хамгийн сүүлийн жишээ нь Nokia компани өөрийн хөгжиж буй улсуудын зах зээлд зориулан гаргаж буй Asha загварын QWERTY гар бүхий  хямд өртөгтэй ухаалаг утсанд Whats up-г суулгаж борлуулахаар болсон байна.

Оператор компаниудын хувьд анхнаасаа өөрсдийн примум үнэ бүхий интернет буюу дата ашиглах үйлчилгээнд найдаж эдгээр chat apps-г анхаарлын гадна орхисон байна. Гэтэл өрсөлдөөний улмаар дата багцуудын үнэ буурч мөн  үнэ төлбөргүй Wi-Fi үйлчилгээ зах зээл дээр элбэг болсон нь эргээд тэдний уламжлалт SMS үйлчилгээний орлогод нөлөөлж, зах зээлээ Whats up мэтийн жижиг апликашн үйлдвэрлэгч нарт алдаж эхэлсэн байна.

Зах зээл дээрх хамгийн сүүлийн чиг хандлагаар оператор компаниуд дараах байдлаар үүсээд буй нөхцөл байдлын эсрэг арга хэмжээ авч байна. Үүнд:

1.      Тус тусдаа өөрийн digital arm байгуулж өөрийн chat apps бэлдэж эхэлсэн. Жишээ нь: Испанийн Telefonica-гийн Tu Go apps.
2.      Зарим нь өөрийн үйлчилгээнүүдээ багцалж худалдах болсон. Английн Vodafone-ийн Red service багц, мессеж болон яриа хязгааргүй боловч дата нь примум үнэтэй.
3.      Оператор компаниудын нэгдсэн интернет дээр суурилсан мессеж үйлчилгээ нэвтрүүлэх.   Английн Vodafone, Испанийн Telefonica,  Америкийн Verizon, AT&T болон Өмнөд Солонгосын SK Telecom энэ шийдэлд нэгдээд байна.
4.      Зарим хэсэг нь 4G систем нэвтрэхийг хүлээж байна. Өөрөөр хэлбэл интернетийн супер хурд дээрээ суурилан нэмэлт примум үнээр датагаа дахиж зарна гэсэн үг. 

Wednesday, April 24, 2013

Apple Inc-ийн ирээдүй?


Өнгөрсөн Мягмар гаригт Apple компани өөрийн 2013 оны 1-р улирлын орлого, санхүүгийн үр дүнгээ зарлалаа. 2012 оны 1-р улиралд тэдний цэвэр ашиг 11.62 тэрбум ам доллар байсан бол 2013 оны 1-р улиралд энэ тоо 2.1 тэрбум ам доллар буюу 17%-р буурч 9.55 тэрбум ам доллар гарлаа. Энэ нь сүүлийн 10-н жилд анх удаа Apple компаний цэвэр ашиг буурч буй тохиолдол юм.

Америкт хамгийн элбэг, өргөнөөр хөрөнгө оруулалтын сангууд болон хувь хөрөнгө оруулагчдын багцад байршдаг, зах зээл дээр growth stock буюу хувьцааны үнэ цэний өсөлт нь ноогдол ашиг болон бусад өгөөжөөс нь илүү байдаг хувьцааны хувьд дээрх тоо яав ч сайн мэдээ бишээ.

Арга ч үгүй биз, 2010 оны 1-р сард Стив Жобс анх Ipad бүтээгдхүүнээ танилцуулж байх үед тэдний хувьцааны ханш 200 гаран ам доллар байсан бол 2012 оны 9-р сард 702 ам доллар хүрч 2 жилийн хугацаанд Америкт  хаана ч байхгүй хөрөнгө оруулалтын өгөөжийг тэд харуулсан. Гэвч энэ аз нь тэднийг хоромхон хугацаанд орхиж 2013 оны 1-р улирлын байдлаар 402 ам долларт хүрч буусан нь компанийн зах зээлийн үнэлгээнээс 300 тэрбум ам доллар арчиж хаяад байна.

Мэдээж энэ бүхэнд Стив Жобс хамт байхгүй байгаа нь том нөлөө үзүүлж байгаа. Зарим судлаачид түүний залгамжлагч Тим Кукыг шинэ бүтээгдхүүн нэвтрүүлснээсээ олон удаа уучлалт гуйсан гэж шүүмжилж байна.

Өнгөрсөн оны 9-р сард тэд Iphone-5 танилцуулснаас хойш ямар нэгэн шинэ инноваци дээр суурилсан бүтээгдхүүн зах зээлд нэвтрүүлээгүй мөн үйл ажиллагааны алдаа удаа дараалан гаргаж байсан нь томоохон нөлөө үзүүлж байна. Жишээлбэл: Iphone-5 дээр суулгасан Maps apps нь алдаатай ажлаагүй бол хамгийн сүүлийх нь Хятадад харилцагчийн үйлчилгээ тал дээр томоохон алдаа, доголдол гаргаж Кук өөрөө уучлалт гуйсан.

Компани ч дээрх байдалтай олон аргаар тэмцэж байна. Эдгээрээс дурьдвал:

1.      Энэ оны намар болон 2014 онд шинээр Apple TV болон хямд өртөг бүхий смарт Iphone  загвар гаргана гэж мэдэгдээд байна. Ингэснээр тэдний хувьд Хятад болон Бразил зэрэг хөгжиж буй улсуудын зах зээл дээр эзэлж буй байр сууриа нэмэгдүүлж орлого, үр дүнгээ өсгөнө гэж үзэж байна.
2.      Мөн одоо буй бүтээгдхүүнийг загвар дизайныг өөрчлөн зах зээл дээр гаргаж байна. Хамгийн сүүлийн жишээ нь mini Ipad, 2013 оны 1-р улирлын нийт борлуулсан Ipad-ны 2/3 mini.  Гэвч upgrade загварын хувьд үнэ буурдаг ч зардал хэвээрээ байдаг нь компаний нийт ашгийн маржин-г бууруулж байна.
3.      VIX буюу хөрөнгийн зах зээл дээр эрсдэл, хэлбэлзлийг хэмжигч индексийг 2013 оны 1-р улиралд хамгийн өндөр хувиар нөлөөлж хэлбэлзүүлсэн нь Apple-н хувьцаа болсон. Энэ ч утгаараа хөрөнгө оруулагчдын зүгээс компаний менежментэд ирэх дарамт нэмэгдсэн. Үүний эсрэг компаний зүгээс 1-р улирлын нэгж хувьцаанд ноогдох ноогдол ашгийг 15%-р нэмэгдүүлж 3.05 доллар болгож өсгөсөн. Мөн халаасны хувьцаа хэлбэрээр 60 тэрбум ам долларт зах зээл дээрээс хувьцаа худалдаж авахаа зарлаад байна.

145 тэрбум ам долларын бэлэн мөнгө баланс дээр нь байршиж буй компаний хувьд хувьцааны ханшаа өсгөхгүй гэхэд буулгахгүй барих боломжтой. Гэвч нийт бэлэн мөнгөний 2/3 нь гадна зах зээл дээр байгаа мөн компаний удирдлага зээл авч ноогдол ашиг болон халаасны хувьцаа худалдан авч буй үйл ажиллагааг санхүүжүүлна гэсэн нь оффшор дээр байгаа бэлэн  мөнгө хадгалж, зээл авч татвараас зугтаж буй нэг хэлбэр хэмээн шүүмжлэлд өртөөд байна.

Эцэст нь компаний болон хувьцааны хувь заяа Wall Street-ийн хөрөнгө оруулагчид компанийг аль чиглэлийн компани гэж үзэхээс хамаарна гэж зарим судлаачид дүгнэж байна.
Hardware үйлдвэрлэгч компани гэж үзсэн нөхцөлд энэ төрлийн компаниудын зах зээлийн оргил цаг нь богино байдаг. Sony-ийн Walkman AppleIpod, Itunes-т, RIM-ийн майл сервис нь мөн л Apple-ийн App Store –д байраа өгсөн. Apple-ийн P/E ratio буюу нэгж хувьцаанд ноогдох орлогын харьцаа 2013 оны 1-р улиралд 8.6 байгаа нь hardware үйлдвэрлэгч компаниудын дундаж P/E ratio 7.05 –тай ойролцоо түвшинд байна. Өөрөөр хэлбэл цаашид орлого тийм ч сайн өсөхгүй.

Хэрэв Hardware болон Software хольц гэж үзсэн нөхцөлд интернет болон технологи үйлдвэрлэгч нартай харьцуулах хэрэг гарна. Тэдний дундаж P/E ratio 10-с дээш байдаг. Өөрөөр хэлбэл бас зай байна. Мөн тэдний 500 сая, кредит карт нь холбогдсон Apps store-ийн хэрэглэгчид мөн 1-р улирлын байдлаар hardware борлуулалтаас бусад орлого нийт орлогын 7%-г эзэлж байгаа нь энэ чиглэлд нэмэх оноо болж байна.

Тэдний дараагийн шинэ бүтээгдхүүн 9-р сард зах зээл дээр гарах үед асуудал тодорхой болно. Технологийн инноваци тал дээр дэвшил авчрахгүй нөхцөлд хувьцаа болон компаний ирээдүй бүрхэг болох нь гарцаагүй байна.