Thursday, April 4, 2013

Роснефть газрын тосны дараагийн супер магнат болж чадах уу?


2012 оны 4-р улиралд ОХУ-ийн газрын тос олборлолтын хэмжээ өдөрт 10.4 сая  баррел-д хүрсэн нь Зөвлөлт Холбоот Улс задран унаснаас хойш хамгийн өндөр олборлолтын түвшин ба Саудын Араб улстай эн зэрэгцсэн үзүүлэлт болсон байна.

Газрын тос олборлолтын хэмжээ энэхүү нэмэгдэхэд Роснефть компани гол үүрэг гүйцэтгэж өдөрт 5 сая баррел газрын тос олборлосон  байна. Ингэснээр Роснефть компани нь биржэд бүртгэлтэй хамгийн өндөр олборлолт болон баталгаажсан нөөц бүхий энэ салбарын томоохон компани болж хувирсан байна. ( Гол өрсөлдөгч Exxon өдөрт 4.2 сая баррел, Роснефть нь дэлхийн өдрийн олборлолтын 5%-г ганцаар олборлож байна.)

Роснефть компанийн түүхэн замналыг авч үзвэл ОХУ-ийн газрын тосны салбарын хүрээнд хэрэгжүүлсэн бүтцийн өөрчилтын хүрээнд төрийн өмчит компани хэлбэрээр үүсгэн байгуулагдсан байна. 2004-2007 оны хооронд Кремлийн дэмжлэгтэйгээр томоохон газрын тосны компани Юкосийг нэгтгэснээр бааз сууриа өргөтгөж цаашдын гараагаа тэгшилсэн байна. Улмаар 2006 онд Москва болон Лондонгийн хөрөнгийн бирж дээр гарч, компанийн үнэлгээ 80 тэрбум ам долларт хүрсэн байна.

2012 онд ОХУ-ийн тэргүүн шадар сайд асан Сечин компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож, удтал яригдаж байсан Британы British Petroleum-ийн ОХУ дахь охин компани болох TNK-BP-г 55 тэрбум ам доллароор худалдан авч дэлхийн хэмжээний газрын тосны томоохон компаниудын эгнээнд хүрээд байна.

Компани органик бус өсөлтөөр дэлхийн хэмжээний тоглогч болж гарч ирсэн нь зах зээл дээр Роснефьтийг цаашид үйл ажиллагаа нь хэрхэх, хэр ирээдүйтэй компани болох талаар хэлэлцүүлэг өрнөхөд хүргээд байна. ОХУ-ийн төрийн бодлогын хүрээнд авч үзвэл Роснефьт нь газрын тосны салбарт байгалийн хийн зах зээлд Газпром хэмжээний Кремлийн дэмжлэгтэй тоглогч болгох зорилго явж буй нөхцөлд энэ компани олон улсын хөрөнгө оруулагчдын хувьд сонирхолтой байхгүй.

Газпромын хувьцааны ханш нь компаний үрэлгэн хөрөнгө оруулалтын бодлогуудын улмаас зах зээл дээр  сүүлийн жилд 66% унаад  байна. Компаний үйл ажиллагааны доголдол, урагшгүй байдал нь Кремлийн эрх баригчдыг ч залхааж, сүүлийн үед тэдний Европ руу байгалийн хий нийлүүлэх монополь эрхийг ч эргэж харах тухай яриа гаргаад байна. Зарим зах зээл шинжээчид Роснефьт дараагийн Газпром болохгүй хэмээн доорх үндэслэлүүдийг гаргаж ирж байна. Үүнд:
-          Роснефьт нь үйл ажиллагаа болон санхүүгийн хувьд харьцангүй ил тод компани. Мөн тэдний хөрөнгө оруулагчдтай харьцах харилцаа сайн.
-          Арктик-д буй  Роснефьтийн байгалийн хийн нөөцийг хамтран ашиглахаар бусад томчууд Exxon, Eni, Statoil хөөцөлдөж байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт санхүү тал дээр давуу талтай.
-          British Petroleum Роснефтийн 13%-г эзэмшдэг өөрөөр хэлбэл хяналт сайжирна. Тэднийг захирлуудын зөвлөлийн 9-н суудлын 2-г нь авна гэсэн таамаг байна.

Мөн нөгөө талдаа тэднийг тийм ч сайхан ирээдүй хүлээхгүй байгаа гэж үзэгсэд ч зах зээл дээр байна. Тэд үндсэн 3-н шалтгаан гаргаж ирж байна. Үүнд:

-          Сечин бол улс төрч, тэр бол батлагдсан газрын тосны салбарын компанийн удирдагч биш.
-          Роснефьт нь Бразилийн Петробразийн араас орно. Петробраз мөн л Атлантийн далайд олдсон байгалийн хийн нөөцтэй, төрийн хөрөнгө оруулалт бүхий ирээдүйд хүчирхэг компани болно гэж дүгнэгдэж байсан. Гэвч олборлолтын өндөр төлөвлөгөө, түүнд хүрэх иж бүрэн бус төлөвлөгөө, үр ашиггүй хөрөнгө оруулалт мөн Бразилийн засгийн газраас дотоодын зах зээлд нийлүүлэх газрын тосны үнэд тариф тогтоосон зэргээс хамаарч тийм ч таатай бус байдалд байна.
-          Компанийн санхүүгийн байдал тогтвортой бус байгаа. Тэд TNK-BP-г худалдаж авахдаа компаний 50%-д 28 тэрбум доллар, эцэг компани нь British Petroleum-д 17 тэрбум ам доллар бэлэн мөн өөрийн хувьцааны 13%-г шилжүүлсэн. Ингэснээр компани 44 тэрбум ам долларын өртэй болж өр нь 2012 оны EBITDA-г 2 дахин давсан нь энэ салбарыг бусад магнатуудын дунд хамгийн өндөр левераж болсон. Өөрөөр хэлбэл газрын тосны үнэ баррел нь 80 ам доллароос доош унах мөн ОХУ-ийн төсөвт элдэв хүндрэл гарсан нөхцөлд Газпромын бэлэн мөнгийг дайчилдаг шиг нөхцөл байдал үүсвэл компани даахгүйнээ.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ тогтвортой буурах чиг хандлагатай байгаа мөн ОХУ-ийн өөрийн дотоод газрын тосны бүтээгдхүүний хэрэглээ нэмэгдэнэ гэж хүлээгдэж буй энэ нөхцөлд Кремлийн зүгээс төрийн өмчийн компаниудын талаар баримталж буй бодлого нилээн өөрчилж байж Роснефьтийн хувь заяа хаашаа эргэх нь шийдэгдэх нь гарцаагүй юм.

No comments:

Post a Comment