Wednesday, October 12, 2011

АНУ-н Холбооны Нөөцийн Системийн дараагийн нүүдэл ямар байх нь зах зээлийн 4-р улирлын хандлагыг өөрчлөх боломжтой.

Европын санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх санал асуулга гишүүн улсуудын хүрээнд явагдаж байна. Өчигдөр хамгийн сүүлийн улс буюу Словакийн парламент гайхалтай шийд гаргаж санг нэмэгдүүлэхэд оролцох эрхийг Засгийн Газартаа өгөөгүй ч энэ нь зах зээлд оролцогчдын хүлээлтээс зөрж еврогийн долларын эсрэг ханшинд сөргөөр нөлөөлсөнгүй. Харин ч эсрэг үйл явдал зах зээл дээр өрнөж еврогийн ханш долларын эсрэг дахин 200 пипс чангарч 9-р сараас хойш дээд ханш болох 1,3840 хүрлээ. Словак нь жижиг улс мөн эрх баригч холбооны 4 намын 3 нь одоо буй Засгийн газрын Ерөнхий сайдыг унагах зорилгоор эсрэг санал өгсөн зэрэг нь илэрч, энэ долоо хоногийн сүүлээр дахин санал хурааж дэмжих нь гарцаагүй болсон нь гол нөлөө үзүүлсэн гэж өнгөц дүгнэж болох ч асуудлын хариу нь Атлантийн далайн нөгөө талд буй хүчирхэг эдийн засгийн сулралд оршиж байна.
2008 оны санхүүгийн хямралаас хойш АНУ-д нийт 8 сая иргэд нь ажилгүй болж ажилгүйдлын түвшин нь сүүлийн таван сар 9,1 хувиас буухгүй байгаа, эдийн засгийн өсөлт 2011 оны эхний хагасын байдлаар саарч 1,6 хувиар өсөж байгаа нь АНУ-н мөнгөний бодлогыг тодорхойлогч Холбооны Нөөцийн Системийн толгойг өвтгөж байна. ХНС нь 2008 оны санхүүгийн хямралтай тэмцэж нийт 2 удаа Quantitative Easing буюу засгийн газар болон орон сууцны санхүүжилтын бондыг худалдан авах замаар мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлсэн ч энэ нь зөвхөн хямралын хурц нөлөөг бууруулж дунд хугацаанд инфляцийг хөөрөгдөх л нөлөө үзүүлж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа.
Гэвч эдийн засгийн түүхийг сөхөж үзэхэд одоогоор хүн төрөлхтөн төрийн оролцоо буюу 1929-1933 оны хямралыг гатлах Алтан түлхүүр болсон Жон Мейнард Кейнсийн загвараас өөр хямралыг гэтэлгэх арга олоогүй байгаа нь Европын өрийн хямрал банкны системдээ халдаж (зарим эдийн засагчид Европын эрх баригчид дэндүү удаан хөдөлж ганц улсын өрийн хямралыг тивийн хэмжээнд хүргэсэнд буруутгаж байгаа нь дахин төрийн оролцооны хувилбарт нэмэх оноо болж байна) улмаар дамжин дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж буй энэ үед ХНС-г дахин 3 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй болгож байна.
ХНС-с сүүлийн 2 удаагийн Мөнгөний бодлогыг тодорхойлох хурлаас зээлийн суурь хүүг 0,25 хувь дээр 2013 оны хагас хүртэл барих, ХНС-н баланс дээр буй 2,3 их наяд долларын засгийн газрын богино болон урт хугацааны бондын багцын 400 тэрбумын байрыг сэлгэж урт хугацааны бондын хэмжээг нэмэгдүүлэх замаар урт хугацаанд эдийн засагт зээллэгийн хүүг багасгах арга хэмжээ авсан ч энэ нь Мөнгөний бодлогоор дамжин шууд нөлөөлөх боломжгүй ажилгүйдлын түвшинг буулгахад дорвитой нөлөө үзүүлж чадахгүй байна. Нөгөө талдаа сангийн бодлогыг хэрэгжүүлж буй Обамагийн засаглалын урагшгүй байдлаас хамаарч өрийн таазны асуудлыг хэт улс төржүүлсэн нь АНУ түүхэндээ анх удаа ААА рейтингээ буулгуулж зээллэгийн жилийн зардлыг 100 сая ам доллароор өсгөж зах зээлд оролцогчдыг зөвхөн ХНС-н бодлого шийдвэр дээр л найдвар тавих зам үлдээлээ.
Ийм ч учраас манай цагаар өнгөрсөн шөнө гарсан ХНС-н 9-р сарын бодлогын хурлын протокол нь зах зээлд оролцогчдын гол хүлээлт байлаа. Зах зээлд оролцогчдын хувьд ХНС QE3-г хэрэгжүүлж эхлэхэд хэр ойрхон байгааг гишүүдийн санал, мэтгэлцээнээс харах явдал байлаа. ХНС-н ерөнхийлөгч Бернанке нэгэнтээ Конгрессийн эдийн засгийн хороонд тавьсан илтгэлдээ хамгийн сүүлд хэрэгжүүлсэн Operation Twist  ажиллагаа нь эдийн засагт нөлөөлхүйц өөрчлөлт авчрахгүй гэсэн нь долларын чангаралтыг хязгаарлаж, 11-р сарын ХНС-н Бодлогын хурлаас QE3 эхлүүснээ зарлах нь гарцаагүй гэсэн хүлээлт үүсгээд байгаа нь энэ удаагийн хурлын протокол хэр үнэ цэнэтэй байгааг илтгэж байна.
Протоколаас харахад ХНС нь хямралын эсрэг хэрэглэж болох бүхий л өөрийн гарт буй арга хэрэгсэлийг хэрхэн ашиглах талаар хэлэлцүүлж, цаашдаа эдийн засагт гадна болон дотоод хүчин зүйлээс хамаарч илүү хүндрэл үүсэж магадгүй учир QE3-г эхлүүлэхгүйгээр харзнах шийдвэр гаргасан байна. Өөрөөр ойлгомжтой дүрслэвэл бууныхаа сүүлийн сумыг гамнаж буйтай адил юм. Нөгөө талаар ХНС-н энэ алхмыг хөгжингүй орнуудын хүрээнд хамтран хийгдэх нэгдсэн байдлаар эдийн засгийн тэлэх бодлогыг хүлээж буй гэсэн таамаг байна(2009 оны 3-р сард ИХ-20 зэрэг нэгдсэн байдлаар ийм бодлого эхэлсэн). Өнгөрсөн долоо хоногт Английн төв банк 75 тэрбум паундын бондын хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан, Европын төв банк мөн covered bond-н хөтөлбөрөө 40 тэрбум еврогоор энэ сард нэмэгдүүлэхээ зарласан нь 11-р сард ХНС QE3 зарлах магадлалыг нэмэгдүүлж өгнө. Энэ нь зарим гишүүдийн зүгээс инфляцийн түвшинг дунд хугацаанд 2 хувиас нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийг бууруулах санал гаргасан зэргээр хүчжиж өгч байна.
Гэвч нөгөө талдаа ХНС-н зарим гишүүд эсрэг санал буюу мөнгөний хатуу бодлого явуулж эдийн засагт дефляци ажиглагдсан үед л зах зээлд мөнгө нийлүүлэх нь зөв гэж үзэж байна. Тэд үүнийгээ тайлбарлахдаа зах зээл дээр үүсээд буй өнөөгийн байдал нь хөрвөх чадвартай ямар нэг байдлаар хамаагүй ба суурь шалтгааныг зогсооход мөнгөний бодлого дангаараа хангалтгүй илүү татвар, төсөвийн бодлогоор дамжуулж нөлөөлөх хэрэгтэй гэсэн. Энгийн үгээр хэлэхэд усаар дүүрсэн ёмкост дахин нэмж ус хийж цалгиж буйтай адилтган дүрсэлсэн. Мөн 9-р сард АНУ-н голлох эдийн засгийн мэдээнүүд бууралтгүй бага зэрэг өсөлттэй гарч байгаа нь ХНС-г мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлэхээ харзнаж хүлээх хүлээлт үүсгэж байна. Жишээ нь: Өнгөрсөн долоо хоногт 9-р сард нийт 103 000 ажлын байр шинээр нэмэгдсэн нь хүлээгдэж байсан 55 000-с бараг 2 дахин өссөн үзүүлэлт болсон.
Дүгнэхэд, 11-р сарын 2-н хүртэл гарах АНУ-н эдийн засгийн голлох мэдээнүүд болох маргаашийн Retail sales мэдээ, 18,19-нд гарах Producer price index, Consumer price index-н дүнг харж байж ХНС шийд гаргах нь гарцаагүй байна. Мөн бодлогын хуралтай Европын холбооны хямралын эсрэг төлөвлөгөө зэрэг задрах тул шийдвэрт мөн чухал нөлөөлнө.  Үнэхээр голлох мэдээнүүд эерэг гарч эдийн засаг хямралд биш байгааг илтгээд давхар Европын холбоо хөрөнгө оруулагчдын сэтгэл ханахуйц төлөвлөгөө танилцуулсан нөхцөлд ХНС-н QE3 хэрэгжих магадлал буурна. Эсрэг нөхцөлд эдийн засгийг хямралаас хамгаалж хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр арга үлдэхгүй.

No comments:

Post a Comment