Sunday, October 16, 2011

Таван зүйлт Европын Холбооны төлөвлөгөө бүх асуудлыг шийдэж чадах уу эсвэл зөвхөн Timeout болох уу ?

Америкийн сангийн сайд Гейтнер Европын Холбооны сангийн сайд нарын уулзалтанд оролцож, өнгөрсөн сарын турш хямралаас хэрхэн гарах зөвөлгөө харамгүй өгч байгаа нь зах зээлд оролцогчид, судлаачдын өмнө Европын 5 зүйлт төлөвлөгөөний үнэ цэнийг багасгаж байна. Өөрөө гэртээ өрийн таазыг нэмэгдүүлэхтэй холбоотой эдийн засаг, улс төрийн хямралдаа 11-р сар хүртэл Timeout  авчихаад яваа хүн өөр айлын өрийн асуудалд зөвөлгөө үнэхээр өгч чадах уу? Тэгсэн дор төсвийн алдагдлаа 1,5 тэрбум доллароор 10-н жилд хэрхэн багасгах талаар  бодож суух нь дээр л юм сан.
Европын холбооны гол лидерүүд ч мөн л дээрхтэй адил байр суурьтай байгаагаа удаа дараалан энэ бол зөвхөн Европын асуудал, бид хариуцлагаа ойлгож байна, бид л асуудлаа шийднэ гэх мэтээр илэрхийлж байгаа. Гэхдээ энэ үнэхээр бодит амлалт уу эсвэл арга ядарсан түр амсхийлт уу гэдгийг мэдэхэд одоо 8 хоног л үлдлээ дээ. Одоогийн байдлаар тэд 5 зүйл бүхий төлөвлөгөө зурчихсан хэлэлцэж байна. Төлөвлөгөөнд өмнө яриж байсан зүйлс л багтаж байгаа бололтой. Тэдгээрийг сийрүүлж хэр амьдрах боломжтой эсэх талаар дүгнэвэл:
1.      Европын санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгөөр банкуудад шууд хөрөнгө оруулалт хийх, тусгаар улсуудын өрийн бичгийг худалдан авах, санхүүгийн баталгаа гаргах
Тэд ямар ч байсан 440 тэрбумийн хөрөнгө 780 тэрбум еврод хүргэх тохиролцоондоо бол хүрсэн. Гэхдээ энэ сангаас одоогийн байдлаар Грект 85 тэрбум, Португальд 78 тэрбум мөн Ирландад 85 тэрбум нийт 248 тэрбум нь зарцуулагдсан гэтэл PIIGS буюу нийт өрийн асуудал бүхий улсуудын нийт гаргасан өрийн үлдэгдэл 2,9 их наяд евро. Өөрөөр хэлбэл одоо буй сангийн хөрөнгөөр дээрхи өрийн 30 гаран хувийг л дахин санхүүжүүлэхэд баталгаа гаргаж болох нь, шууд өр худалдан авах тал дээр Европын төв банк эсрэг байр суурьтай байгаа тул энэ хувилбарыг хаслаа.
2.      Банкуудад шинээр хөрөнгө оруулалт хийх
Европын холбооны ерөнхийлөгч Баросса 6-р сард банкуудад хийсэн стресс тестеер тохирсон, эрсдлээр жигнэсэн актив болон өөрийн хөрөнгийн харьцаа болох 5 хувийг 9 хүртэл хувь нэмэгдүүлэх саналтай байгаа. Өөрийн хөрөнгийн дахин санхүүжилт авах нь одоо буй хувь эзэмшигчдийн үнэ цэнийг буулгах мөн богино хугацаанд энэ хэмжээ хүртэл өсгөх боломжит хөрөнгө оруулагч олно гэдэг нь барааны үнэ цэнийг хямдруулж зарахтай адил тул Дойче банкны гүйцэтгэх захирал Аккерманаас эхлэн банкууд хүчтэй эсэргүйцэж байна. Сүүлийн жишээ нь дээр Бельгийн засгийн газар Dexia-н өрсөлдөх чадвар бүхий өөрийн нутаг дэвсгэр дээр буй нэгжийг 5,4 тэрбум еврогоор худалдаж авсан. Уг нь Катарын сан сонирхож байсан ч энэ хувилбараар бол Засгийн газрууд нь л мөнгө хийх тохиролцоо гарч ирнэ.  Европын холбооны банкуудын өөрийн хөрөнгө 1,1 их наяд евро байгаа мөн тэдний баланс дээр өртэй улсуудын 413 тэрбум еврогийн бондын үлдэгдэл байна. Эндээс харахад Европын тогтвортой байдлын сангаар дамжуулж банкуудын хувийг худалдаж авахад ядаж 400 тэрбум евро хэрэг болох нь илт байгаа нь дээр яригдсан сангийн хөрөнгийн хүрэлцээний асуудлыг дахин хөндөнө. Засгийн газрууд банкуудаа авраад улсын болгох тусам зээлжих эрхийн агентлагууд тэдгээр улсуудын рейтингийг техникал дефалт түвшинд бууруулж бусад олон улсын мөнгөний захаас хөрөнгө татах боломжгүй болгоно. Үгүй гэвэл 780 тэрбум аа нэмэх л хэрэг гарна тэр нөхцөлд эдийн засгийн өсөлтгүй, нэмэж мөнгө хэвлэх эрхгүй улсууд зөвхөн зээлийн хүүгээ л төлөх чадвартай үлдэнэ.
3.      Грекийн бондыг эзэмшигч хувийн зээлдэгч нарыг 50 хүртэл хувийн алдагдал хүлээлгэх
6-р сард хувь бонд эзэмшигч нартай 21 хувь хүртэл алдагдал хүлээх талаар тохиролцоонд хүрсний үндсэн дээр 2-р ээлжийн 85 тэрбум еврогийн тусламжийн багцыг баталсан. Гэтэл одоо 50 хүртэл хувь яригдаж байгаа нь хувь хөрөнгө оруулагчд ялангуяа банкууд хүчтэй эсэргүйцэж байгаа. Энэ нь дараахи нөхцөлд хүргэнэ гэж тайлбарласан байна. Үүнд:
·         Грекийн бондыг эзэмшигчид нь даатгасан байгаа өөрөөр хэлбэл нэрлэсэн үнийн 20-25 хувийг шимтгэл хэлбэрээр төлж Кредит дефальт своп худалдан авсан байгаа нь алдагдалд леверадж болж алдагдал тархана.
·         Банкуудын зээл олгох чадварыг бууруулж, эдийн засгийн өсөлтөнд оролцох оролцоог нь хязгаарлана.

4.      Европын холбооны санхүүгийн удирдлагыг сайжруулах шинэ нэмэлт заалт үндсэн тунхаг бичигт оруулах
Нэр нь санхүүгийн менежментийг сайжруулна гэж байгаа ч боломжит exit mechanism –г оруулж ирнэ байх. Яахав нөгөө талдаа Грек шиг төсөвийн алдагдлаа 2001-2007 оны хооронд Голдман саксд мөнгө төлж нуулгасан зэрэг сөрөг талын эсрэг заалт орж болох ч яг одоогийн нөхцөлд шууд үр дүн өгөхгүй заалт болно.
Яриж, яриж эцэстээ энэ бүхэн нэг л буланд тулж очих нь гарцаагүй биздээ, нэг талдаа хатуу төсөвийн бодлого, тансаг нийгмийн халамжийг хязгаарлах, хөрөнгө оруулалтын өгөөжийг чухалчлах, нөгөө талдаа бонд эзэмшигч нарт хүлээлгэх алдагдлыг нэмэгдүүлэх. Скандинавын орнуудад хэрэгжүүлсэн нийгмийн баримжаат ардчилсан эдийн засгийн загвар нь зөвхөн эдийн засгийн өсөлттэй өөрөөр хэлбэл баялаг бүтээж түүнээсээ хувь хишиг оновчтой тараах мөн нөгөө талдаа үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлж байж хүрнэ гэдгийг өндөр үнээр Европ ойлгох л үлдэж байна. Бүтээснээсээ илүү хэрэглэж, үр ашиггүй хөрөнгө оруулалт хаа сайгүй хийж, АНУ-г дагаж халуун цэг бүхэнд цэргийн оролцоо оруулж байсан нь энэ бүхний үндэс биз дээ.
Нэг бол чанга унах эсвэл, BRICS-н санал болгож буй IMF-н хөрөнгө оруулалтын чадавхийг 390 тэрбум доллароос нэмэгдүүлж Дэлхийн оролцоог хангаж байж л хүндрэлээс хэрхэн гарч яаж урт хугацаанд асуудлын цөмийг шийдэх хувилбараа хайх нь зөв санагдах юм.

No comments:

Post a Comment