Thursday, January 12, 2012

Strait of Hormuz буюу хямралын гарц

..........дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ баррел нь 200 ам долларт хүрвэл юү болох вэ? 1973 оны Араб-Израйлын дайны үед нефтийн үнэ баррель тутамдаа 3 дахин нэмэгдэж АНУ аргагүй эрхэнд талоны системд орж байсан давтагдах уу......эсвэл дэлхийг хамарсан хямралд цэг тавьж эрчим хүчний шинэ гарц гарч ирэхэд хүргэх үү?.... зарим судлаачид одоо үргэлжилж буй хямралын гарц нь нүүрс газрын тосноос ондоо бас цөмийн энерги шиг хортой аюултай биш тогтвортой эрчим хүчний эх үүсвэр гэж дүгнэж байгаа. Гэхдээ л энэ бүх шийд гарч ирэх нөхцөл нь заавал цэрэг зэвсгийн мөргөлдөөн, дайн гэж үү?
         Хормузын хоолойн эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдал дээрхи бүхний талаар дахин бодоход хүргэж байна. Газарзүйн байршлын хувьд Персийн булан болон Арабын тэнгисийг холбосон 54 км өргөн энэ жижиг хоолой яагаад ингэж стратегийн ач холбогдол бүхий цэг болсон бэ? .......Хариулт маш энгийн энэ жижиг хоолойгоор дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 1\5 , газрын тосны далайн тээврийн 35 хувь дамжин өнгөрдөгт л байна. Тооцоо ч энгийн дэлхий өөрөө хамгийн сүүлийн тоогоор хоногт 87 сая баррель газрын тос хэрэглэдэг гэтэл энэ жижиг хоолойгоор хоногт 17 сая баррель буюу нийт хоногийн хэрэглээний бараг 20 орчим хувь гарч байдаг. Газрын тосны нийлүүлэлт 20 хувиар буурах нь, газрын тосны үнийг хэр өсгөх бол? Хамгийн хялбараар нь шууд хамааралтай гэж үзвэл одоо байгаа 100 ам доллар маань 120 ам доллар болж өсөх нь гарцаагүй. Зарим нэг улсын хувьд бүүр ч илүү чанга тусна ....жишээ нь: Япон улс гэхэд энэ бүс нутгаас нийт газрын тосны хэрэглээнийхээ 70 орчим хувийг импортоор авдаг. Тэр нь байхгүй болвол Япон яах бол?
                 Үндсэн стратегийн ач холбогдол нь газрын тосны тээвэрлэлт дайрч гардагт бол туслах бас нэг нөхцөл нь энэ хоолойн зүүн эрэг талыг АНУ болон Барууны орнуудын заналт дайсан болоод буй Иран улс хянаж байдагт оршиж байна. АНУ-н нэг номерийн эрх ашиг бол энэ хоолойгоор дамжин гарах газрын тосны урсгалыг хэвийн байлгах бол Иран улс энэ урсгалыг хаах замаар тэдний газрын тосны экспортод тависан хоригийг цуцлуулах болж байна. Иран нь өөрөө OPEC-н гишүүн нийт газрын тосны нөөц нь дэлхийд 4-т ордог улс, ДНБ-ны 20 хувь, нийт экспортын 80 хувь, Засгийн газрын орлогын 70 хувь нь зөвхөн газрын тосны орлогоор бүрддэг гэвэл, Иран улсын хувьд ч Хормузын хоолойг хаах нь эдийн засгийн утгаараа амиа хорлохтой адилхан гэхдээ нэгэнт экспортнь хаагдчих юм бол үр дүн нь ялгаагүй учир тэд өөрөө хохирсон ч хамаагүй барууны нөхдүүдийг адилхан хүндрэлд оруулах жихад хийх хүсэл төрөх нь гарцаагүй. Нөгөө талдаа АНУ ч энэ бүс нутгаас нийт газрын тосны хэрэглээний 9 хувиа хангадаг. Тэд Персийн булангийн дайнаас хойш энэ бүс нутгаас хамаарах нефтийн хэрэглээгээ багасгаж байгаа. Гэхдээ л энэ улс жилд 19,4 тэрбум баррель нефть хэрэглэдэг гэвэл 9 хувь бас ч жижиг тоо биш. Ийм ч учраас АНУ-н 5-р усан флот Бахрейн улсад байршиж Хормузын хоолойн аюулгүй байдлыг хамгаалж байна.
            Иран болон Иракийн хооронд үргэлжилсэн 1980-1988 оны дайн үед газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр 25 хувь өсөж, Хормузын булангаар дамжих газрын тосны зөөвөрлөлт, Ираны далайд тавьсан мины аюулд өртөж эхэлсэн. Энэ ч 1988 онд АНУ болон Иран хооронд далайн мөргөлдөөнд хүргэсэн, АНУ далайн цэргийн түүхэн дэхь далайц, ач холбогдлоороо 5-т орхуйц үйл явдал болж байжээ. Үүнээс хойш бараг жижиг мөргөлдөөн тасраагүй ч өнөөдрийн түвшинд хүрэх хэмжээний аюул үүсээгүй байсан. Иран улс энэ оны 1-р сарын 27 -нд Персийн буланд далайн цэргийн томоохон сургууль зарлаж, Хормузын хоолойг хаах заналхийлэл нь хэр бодитой, биелэхүйц гэдгээ баталж харуулах гэж байгаа нь олон улсын санхүүгийн зах зээл дээр айдас бүрдүүлж сүүлийн долоо хоногт газрын тосны үнэ 4 хувь өсөөд байна. АНУ  болон барууны ертөнц ч маш хурцаар Ираны заналхийлэлд хариу өгсөн ба Хормузын хоолойг хаах нь дайн зарлахтай адил зүйл гэж мэдэгдээд байна.
             Цэргийн судлаачид аль хэдийн 2 улсын энэ бүсэд байгаа далайн цэргийн хүчин чадлыг харьцуулаад эхэлсэн ба Иран улс нь Хормузын хоолойг биет байдлаар хаах хэмжээний усан цэргийн хүчин чадал байхгүй ч минжүүлэх, пуужин харвах, хорлон сүйтгэх дайралт хийх хэмжээний хүчин чадалтай гэж дүгнээд байгаа. Вест пойнтийн цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар бол Ираны далайн цэргийн хамгийн том аюул нь тэдний мэдэлд буй 23 ширхэг усанд шумбагч онгоцууд гэж үзэж байна. Тэдний төсөөллөөр бол мөргөлдөөн гарсан нөхцөлд ямар ч хувилбараар АНУ-н 5-р флот ялах нь гарцаагүй ба хамгийн сайн хувилбараар бол хэд хоногт, муудаа л 5-н долоо хоногийн хугацаанд Хормузын хоолойг буцааж нээж чадах юм байна. Иран улс ч үнэхээр мөргөлдөөн зайлшгүй болсон цагт ялахгүй ч хамаг хүчээ энд хаях тул хэд хоногоор ч асуудал хязгаарлагдахгүй нилээн сунжирсан дайн болох нь гарцаагүй байх аа.
           Бидэнд бол дайны хор хөнөл нь хол ч эдийн засгийн нөлөөлөл нь бол хүрнэ. Хэрэв үнэхээр Хормузын хоолойд мөргөлдөөн Иран болон АНУ тэргүүтэй барууны эвслийн хүчний хооронд өрнөсөн нөхцөлд дэлхийн хэмжээнд санхүүгийн хямрал ирэх нь гарцаагүй болно. Битгий л дайн байлдаанаар хямралаас гарах арга гарцаа хайгаасай гээд залбирах л үлдэж байна даа.....


Thursday, January 5, 2012

Төв банкны ажилтны ёс зүй ер нь ямар байх ёстой вэ?

          Швейцарийн төв банкны ерөнхийлөгч Ф.Хилдебандтай холбоотой үүсээд буй маргаан нь доорхи сэдвийг сөхөх сонирхол татлаа. Хилдебандын эхнэр өнгөрсөн оны 8-р сард өөрөөр хэлбэл Швейцарийн Төв банкны франкийн ханшийг сулруулах зорилгоор хийсэн интервенцээс 7 хоногийн өмнө, еврогийн эсрэг франкийн ханш дээр кап тогтоохоос 3 долоо хоногийн өмнө Швейцарийн Сарацин хувийн банкаар дамжуулж 400 000 франк зарж ам доллар худалдаж авсан нь гол асуудлын эх үндэс болоод байна. Энгийн үгээр тайлбарлавал, нөхөр нь Төв банк нь дээр эдийн засгийг нь алж буй франкийн ханшийг хэрхэн сулруулах вэ гэж толгой гашилж байх үед эхнэр нь оны эхнээс ам долларын эсрэг бараг 40 хувь чангарсан франк зарж ам доллар худалдаж авснаар энэ гүйлгэнээс дангаар нь 75 000 франкийн ашиг олсон нь үнэхээр өмнө нь хедж санд ажиллаж байсан бүсгүйн мэдрэмж үү? эсвэл нөхрөөсөө авсан insider information буюу төв банкны алхмыг урьдчилж харж хийсэн арилжаа уу гэдэг нь асуудал болоод байна.
           Хилдебанд ч өөрөө маш ёс зүйтэй алхам хийж дөнгөж маргааш нь дээрхи гүйлгээний талаар Швейцарийн төв банкны зохих газарт нь мэдэгдэж, арилжаанаас олсон 75 000 франкийг буяны санд хандивласан байна. Гэвч өнгөрсөн оны сүүлээр  Сарацин банкны ажилтан энэ мэдээллийг сөрөг хүчний улс төрчдөд гаргаж өгснөөр одоо түүний албан тушаал асуудалд ороод байна. Швейцарийн төв банкны дотоод аудитын газраас шалгалт хийж уг гүйлгээ хийсэн мөнгөн дүн нь хосын 2010 онд үл хөдлөх хөрөнгө зарж олсон дүн, мөн төв банкны зохих журмын дагуу буюу 6-н сарын өмнө бүртгүүлж freeze буюу анхны валютаар хадгалсан нь тогтоогдсон. Дээр нь эхнэр Каша нь Уран зургийн галерей ажлуулж ихэнх гүйлгээ нь ам доллароор хийгддэг ч бас нотлогдсон. Өөрөөр хэлбэл үнэхээр санаандгүй хийсэн гүйлгээ байж болно л гэсэн үг. Гэхдээ энэ түүхээс юу харагдаж байна гэхээр Төв банкны ажилтан, удирдлага, ямар  өндөр мэргэжлийн ёс зүйг дагаж ажиллах ёстой.......өчүүхэн жижиг санаандгүй буруу алхам ч ирээдүйд ямар асуудал үүсгэж болохыг харуулж байна.
            Харин энэ асуудал манай Төв банкны хувьд ямар байдаг юм бол? ...........Төгрөгийн ханш хэт сулрах болон чангарах үед Монголбанкнаас интервенц хийдэг гэдэг. Миний мэдэх дүр зургаар бол ихэвчлэн долоо хоногийн баасан гаригт ганц хоёр томоохон банкаар дамжуулж ам долларын интервенц хийдэг. Энэ шийдвэрийг хэн гаргадаг, ханшийг нь яаж тогтоодог хэрхэн нууцалдаг талаар ямар нэг мэдээлэл байхгүй......мэдээж аль ч нөхцөлд Монголбанк алдагдал хүлээнэ тэгвэл ашиг нь хаана ордог нь сонин? Зах зээлд оролцогчдод жигд хүрдэг гэвэл гомдолгүй харин хэн нэгэн томоохон ашиг олдог бол insider trading болно.

Monday, January 2, 2012

2012 онд Дэлхийн гол улсуудын эдийн засгийн төлөв байдал ямар байх мөн хэрхэн энэ төлөв байдал тэдгээрийн валютын ханшинд нөлөөлөх тухай


АНУ
Онцлох шинж тэмдгүүд :
-          Сүүлийн 6-н сарын эдийн засгийн төлөв байдлын хүрээнд дүгнэхэд, АНУ-н эдийн засагт хямрал ажиглагдахгүй байгаа ч эдийн засгийн өсөлт нь хүлээлтээс бага байна.
-          Хэдийгээр triple A буюу топ зээлжих эрхээ алдсан ч АНУ-н эдийн засагт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл хэвээр байна. Энэ нь сүүлийн үеийн TIC flow буюу АНУ-н бондод оруулж буй хөрөнгийн нэмэх урсгалаар батлагдсан. Мөн 2011 онд АНУ-н засгийн газрын бонд нь 1997 оноос хойших хугацаанд анх удаа алтанд хөрөнгө оруулснаас өгөөжтэй гарсан.
-          2012 он бол АНУ-н ерөнхийлөгчийн сонгуулийн жил. Уламжлалт арилжааны түүхийг сөхвөл, сонгуулийн жилд АНУ-н хувьцааны индексүүд болон ам доллар чангардаг.
-          Ам долларын индекс буюу нийт 16 бусад валютын ханшийн эсрэг хэрхэн ам доллар өөрчлөгдөнийг шинждэг үзүүлэлт энэ онд 80 хүрч хаагдсан. Гэхдээ 2009 онд энэ үзүүлэлт 89 хүрч байсан нь цаашид ч өсөх магадлал байгааг харуулж байна.
-          АНУ-н Холбооны Нөөцийн Систем өөрийн бодлогын хүүг 2013 оны дунд хүртэл хугацаанд түүхэн доод түвшинд барихаар амласан ч бусад голлох улсуудын адил нэмж цаасан мөнгө хэвлэж эдийн засагтаа хийгээгүй нь ам долларын үнэ цэнийг өсгөж байна.
2012 оны төлөв байдал:
Үндсэн 2 хувилбар санал болгож байна. Үүнд:
1.      Евро бүсийн эдийн засгийн хямралтай холбоотойгоор АНУ-н эдийн засаг хямралд орно. Энэ хувилбар ямар байдлаар эдийн засагт нөлөөлөх вэ?
o   Хөрөнгө оруулагчдын итгэл улам алдарч, хөрөнгө оруулах эрмэлзэл буурна – хувьцааны зах зээл дээр уналт ирнэ (Америк компаниудын үнэ цэнэ өсөх магадлалтай, оронд нь Америкт бүртгэлтэй бусад улсуудын компани үнэ цэнэ буурах магадлалтай) – ам доллар болон АНУ-н засгийн газрын өрийн бичгийн эрэлт нэмэгдэнэ – дээрхи нь АНУ-н дотоод инфляцийн түвшинг бууруулах боловч, АНУ-н экспортын барааны өрсөлдөх чадварыг багасгана – хөрөнгө оруулагчдын итгэл буурснаар, компаниуд зардлаа багасгаж цомхотгол хийж эхлэх нь ажилгүйдлийн түвшинг нэмэгдүүлнэ- энэ бүхний эцэст ажилгүйдлийн түвшин өсөх нь АНУ-н ХНС-г QE3-г эхлүүлж эдийн засгийг дэмжихээс өөр аргагүй болгоно.

2.      АНУ-н эдийн засаг алгуур өсөж, хямралд өртөхгүй.
o   Гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулалт хийх үндэс бүрдэнэ- Америк компаниудын үнэ цэнэ өснө – энэ эргээд ам долларын эрэлтийг нэмэгдүүлж ханшийг чангаруулна.

Европын холбоо
Онцлох шинж тэмдэгүүд :
-          Өрийн хямралд цэг тавих шийдэл хараахан олдоогүй л байгаа. Гишүүн улсууд төсвийн хатуу бодлого барьж буй нь эдийн засгийн өсөлтийг алж, бараг хямралд оруулаад байна.
-          IMF-р дамжуулж олгох 200 тэрбум еврогийн зээл нь нийт өрийн хямралд хангалттай хаалт саад болж чадахгүй.
-          ECB буюу Европын төв банк банкны системдээ нийт 36 сарын хугацаатай, хөнгөлөлттэй барьцаа бүхий зээл олгож эхэлсэн нь банкны систем дэхь хөрвөх чадварын дутагдлыг арилгасан. Гэвч энэ зээл нь эргээд эдийн засгийн эргэлтэнд орохгүй байгаа нь бүсийн банкууд Европын төв банкин дээр барьж буй рекорд хэмжээтэй хадгаламжаас ил байгаа.
-          ESM буюу цаашид тогтвортой ажиллах аврах сангийн хөрөнгийг 500 тэрбум еврод хүргэх шийдвэр гаргасан ч хэрхэн энэ дүнд хүргэх нь тодорхойгүй байна. Уламжлалт сангийн бондоор дамжуулж хөрөнгө босгох нь тодорхой ч Франц зэрэг холбооны суурь багана болсон улсуудын зээлжих эрх буурах эрсдэл байгаа нь сангийн хөрөнгө татах энэ хувилбарыг үр дүн багатай болгох үндэстэй.
-          Итали улсын эдийн засгийн төлөв байдал анхаарлын төвд байна. Монтигийн засгийн газар, төсвийн алдагдалтайгаа хэрхэн тэмцэх нь шууд үнэлгээ болно. Италийн бондын хүү 2010 онд 10-н жилийн хугацаатай нь 4,8 хувь байсан бол өнгөрсөн онд 7% гарч, 1,2 тэрбум еврогийн өр бүхий улсын хувьд гамшиг авчраад байна.
2012 оны төлөв байдал:
Үндсэн 3 хувилбар санал болгож байна. Үүнд:
1.      Европын холбоо өрийн хямралд цэг тавих хувилбарт хүрнэ.
o   Хамтарсан зээлжилт буюу евробонд,  Европын аврах сангийн хөрөнгийг анх яригдсан 1,2 тэрбум еврод хүргэх эсвэл Европын төв банкны оролцоог нэмэгдүүлэх хувилбар л дээрхи шийдэлд хүргэнэ. Энэ нөхцөлд еврогийн ханш буцаж ойх ба эхний ээлжинд 1,346-с дээш гарч, 1,426 ханш руу тэмүүлнэ. Бүх хөрөнгийн биржүүд дээр өсөлт гарна.
2.      Түр зур гал унтрах замаар үргэлжлэн явна.
o   Европын төв банкны оролцоо долоо хоногийн 21 тэрбум еврогоор хязгаарлагдаж, Европын аврах санг 500 тэрбумд дөнгөж хүргэх нь дээрхи нөхцөл байдалд хамаарна. Мөн Европын төв банк хүүгээ бууруулах ч орно. Энэ нөхцөлд еврогийн ханш эхлээд 1,287-г тестлэх ба цаашдаа 1,20 руу унах боломжтой.
3.      Европын холбоо задарна.
o   Нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй нөхцөлд холбоо задарна- Итали холбооноос гарсан нөхцөлд энэ нөхцөл үүснэ- North European union буюу Умард Европын холбоо үүсэх магадлалтай- Энэ нөхцөлд холбооны албан ёсны хэл нь герман хэл байх болов уу. Еврогийн ханш эхлээд унаж анх хаана байсан түвшин болох 0,8 хүрнэ тэгээд шинэ холбоо байгуулагдсанаар шинэ еврогийн ханш 1,6-с дээш гарах үндэстэй.

Япон улс
Онцлох шинж тэмдэгүүд :
-          Бараг сүүлийн 30 жил эдийн засгийн өсөлт нь тэг дээр байгаа. Өнгөрсөн онд болсон байгалийн гамшигт үзэгдлүүд үүн дээр ташуур өгч гадна зах зээл дээр байршуулсан хөрөнгөнөөс гамшгийн дараахи бүтээн байгуулалтанд зарцуулагдсан нь иений ханшийг Дэлхийн 2-р дайнаас хойших хамгийн чанга түвшин болох  ам долларын эсрэг 75 хүргэсэн.
-          Японы засгийн газар болон төв банкны зүгээс өнгөрсөн онд 3-нтаа чангарч буй иений ханшийн эсрэг интервенц хийсэн ч үр дүн багатай байгаа.  Ам долларын эсрэг иены ханшийг 75-с буулгахгүй байгаа нь албан бус долларт иенийг уясан түвшин болж байна. Сүүлийн 3-н сард иений ханш 76-78 иен ам долларын эсрэг хүрээнд байсан нь зах зээлд оролцогчдыг Японы төв банк, засгийн газар олон нийтэд зарлахгүйгээр бага хэмжээгээр интервенцийг Японы бус зах зээл дээр хийж байна гэсэн хардлага төрүүлж байна.
-          Хэдийн Засгийн газрын өр нь ДНБ-с 2 дахин давсан ч энэ улсын хүн амын хэмнэх зуршил нь элдэв хямрал, тодорхойгүй байдал үүсэх тутам иений ханшийг чангаруулж нөөцийн валют болгож өгдөг. Энэ нь ч экспорт дээр суурилсан энэ улсын эдийн засагт цохилт болж өгч байна.
-          2011 оны сүүлээр Хятад болон Япон улсын хоорондын гадаад худалдааны төлбөр тооцоонд ам долларыг бус тус тусын валютыг шууд хэрэглэх хэлэлцээ хийсэн. Энэ нь эргээд иений эрэлтийг бүрдүүлэх нь гарцаагүй юм.

2012 оны төлөв байдал:
Үндсэн 2 хувилбар санал болгож байна. Үүнд:
1.      Дэлхийн хямрал даамжирна.
o   АНУ-н бодлогын хүү бараг тэг дээр удаан байх нь иений carry trade-г хийх нөхцөл бүрдүүлэхгүй. Өөрөөр хэлбэл иений хүү бага байдаг нь иенээр зээл авч өөр улсад өндөр өгөөж бүхий валютанд байршуулах үндэслэл байхгүй болно. Дээр нь оны 1-р улиралд Японы санхүүгийн жил дуусдаг нь Японы компаниуд хилийн чанадад олсон ашгаа иен рүү хөрвүүлж баланс дээрээ тусгах нь иений эрэлтийг бүрдүүлдэг. Энэ бүхнийг үндэс болговол иен дахин долларын эсрэг 75 гэсэн түвшинг тестлэнэ.
2.      Дэлхийн хямрал арилна.
o   АНУ-н бодлогын хүү өсч эхлэх нь carry trade сэргэх үндэс болох ба иений ханш алгуур суларна. Магадгүй 85 ханшинд хүрч болно.

Sunday, December 25, 2011

Хятад улсын эдийн засгийн эрүүл мэнд ямар байхаас, бид хамаарна...

      Европын өрийн хямрал даамжирч, дэлхийн хямрал болох нь гарцаагүй болсон энэ үед Хөрөнгө оруулагчид, зах зээл ажиглагчдын анхаарлын төвд (зөвхөн монголчууд бид биш) 2008 оны санхүүгийн хямралын үед дэлхийн өсөлтийн зүтгүүр болж байсан Хятад улсын эдийн засаг яах вэ... гэдэг асуулт урган гарч ирээд байна. Хятад улс энэ хэвээрээ хямралыг ажрахгүй өсөөд байх уу? ...тэгвэл ч АНУ-г 2020 он гэхэд гүйцэж дэлхийн хамгийн том эдийн засаг болно гэж судлаачдын таамаглал өшөө наана биеллээ олох боломжтой, нөгөө талдаа одоо бага багаар ажиглагдаж буй эдийн засгийн сулралт нь үргэлжилж ...хямралд өртвөл эдийн засаг байтугай, улс төрийн томоохон гамшиг болох нь гарцаагүй юм. Бараг л 1989 оны ЗХУ-н перестройка-ны хэмжээний үйл явдал өрнөх биз. За за ... их таах гээд яахав яг ямар асуудлууд Хятадын эдийн засагт үүсээд байгаад анхаарлаа хандуулья.
        Хятадын эдийн засгийн өсөлт нь зөвхөн засгийн газраас нь эдийн засагтаа нийлүүлсэн дэлхий дээрхи хамгийн их буюу 2 их наяд долларын эдийн засгийг дэмжих багц дээр л тогтож байжээ. 2011 оны дундаас инфляцийн асуудал анхаарал татаж, аргагүйн эрхэнд мөнгөний хатуу бодлогод шилжих үед энэ бүхэн ил боллоо. 2011 оны 11-р сарын байдлаар Хятад улсын PMI буюу үйлдвэржилтийн индекс нь 49 гэж хэвлэгдэн гарсан нь 2009 оны 2-р сарын түвшинтэй адилхан байна. Энгийн үгээр шууд дүгнэвэл, Хятадын эдийн засаг буцаад л 2008 оны  хямралын түвшинд иржээ.
         2 их наяд ам доллар гэдэг нь бараг Хятад улсын гадаад валютын нөөцийн 60 гаран хувь, тэгвэл энэ их хөрөнгө оруулалт яагаад үр дүнгүй байгаа гэдэгт хариулт хэрэгтэй болно. Хариулт нь банкны систем өөрөөр хэлбэл Хятадын банкны системийн 70 хувийг их дөрөв болох улсын өмчит банкууд эзэлдэг. Хөрөнгө оруулалт ч тэднээр дамжиж эдийн засгийн эргэлтэнд ордог, тэд ч хамгийн түрүүнд голлон томоохон улсын өмчит үйлдвэрийн газруудад зээл олгодог. Өөрөөр хэлбэл бодит зээл эдийн засгийн тогтвортой хэсэг буюу жижиг дунд үйлдвэрлэгчдэд хүрэхгүй байна. Энэ нь ч банкны системийн гаднах далд мөнгөний урсгалыг бий болгож эдгээр жижиг, дунд үйлдвэрлэгчид энэ захаас өндөр хүүтэй зээл авч, эргээд энэ нь бүтээгдэхүүний үнэд шингэх замаар зардал дээр суурилсан инфляцийг дотроо өдөөж байна. Банкуудын хадгаламжийн хүү нь жилийн 4-5 хувь байхад, инфляци нь 11-р сарын байдлаар 4,2 хувь гэж зарлагдсан (энэ дүн нилээн дарагдсан тоо байх магадлалтай) нь бодит хадгаламжийн хүүг бараг сөрөг түвшинд хүргэж, энэ нь банкнаас мөнгө гадагшилж дээр дурьдсан далд эдийн засагт орох үндэслэл болж байна. Хяналтаас гадуур хэдий их мөнгө байна тэр чинээ инфляцийг удирдах, хянах хэцүү болно. Мөн банкны системийн хувьд ч хөрвөх чадварын эрсдэлд орж болзошгүйг дотоодын судлаачид нь нэг бус дурьдах болсон. (Манайд орж ирж буй мөнгө ч энэ урсгалын нэг хэсэг байж таарна)
         Нөгөө талдаа мэдээж, Хятадын эдийн засгийн өөрийнх нь бүтэц энэ байдалд нөлөөлж байна. Бүгд л мэдэж байгаа Хятадын эдийн засаг нь экспорт болон Засгийн газрын шууд хөрөнгө оруулалт дээр суурилдаг. Хамгийн сүүлийн тоогоор экспорт болон ДНБ харьцаа нь 37%, хөрөнгө оруулалт болон ДНБ харьцаа нь 45%-тай байна. Нэг үгээр хэлбэл, эдийн засгийн 70 гаруй хувь нь гаднаас хамааралтай гэсэн үг. Ийм ч учраас Хятадын экспортын гол зах зээл болох АНУ, Европын холбоо хэрэглээгээ бууруулж буй нь тэдэнд маш сөргөөр нөлөөлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, засгийн газрын шууд хөрөнгө оруулалт нь илүүдэл барааг л зах зээл дээр үүсгэж байна гэсэн үг. Энэ нь эргээд хөрөнгө оруулалтын өгөөжийг бууруулж, ашигт ажиллагаа нэмэгдүүлэхийн тулд дахиад хөрөнгө оруулалт шаардаж байгаа нь эдийн засаг дахь зээлийн хэмжээг нэмэгдүүлж зөвхөн хөөс л үүсгэж байна. Давхар Хятад улс нь өөрөө дэлхийн хамгийн том хүнс болон түүхий эдийн импортлогч, энэ нь дахиад инфляцийг гаднаас оруулж ирэх үндэслэл болж байгаа.
           Дээр дурьдагдсан асуудлуудаас зайлсхийх аргууд ч бас байна. Сүүлийн үед гол дурьдагдаж буй хувилбарууд дараахи байдалтай байна. Үүнд:
  1. Эдийн засгийн бүтцийг илүү дотоодын хэрэглээнд суурилсан бүтцэд шилжүүлэх. За бараг, дэлхийн бүх улс л үүнийг ярьж байна. Хэн нь хэрэгжүүлж чадах нь эргэлзээтэй. Миний хувьд innovation-г илүү үр ашигтай зах зээлд нэвтрүүлэгч entrepreneur олонтой улс нь л чадна гэж харж байна. Эргээд Хятад руу буцаж харвал, судлаачид Хятадыг илүү хэрэглээнд суурилсан эдийн засаг болгоход дотоод нийгэмд нь үүсээд буй баян хоосны ялгаа хамгийн гол саад гэж байгаа. Дийлэнх нь ядуу учраас тэр их илүүдлийг хэн, яаж хэрэглэх вэ дэ.... энэ нь ч үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр нь харагдаж байгаа....бүтэн хот хотоороо хоосон барилгууд.... хэн ч авч чадахгүй юм чинь байж л байхаас. Энэ түүх ч манайд давтагдах өндөр магадлалтай.
  2. Эцсээ хүртэл юаны ханшаа хиймлээр доор барьж, бүх улсуудтай худалдааны дайн хийх. Энэ ч яахав явж л байгаа бодлого. Дэлхий бүгдээрээ өсч байхад бол энэ бодлого нь Хятадын хувьд ажиллаж байсан гэтэл одоо бүгд бүсээ чангалж, өөрөө өөрийгөө тэтгэх бодлогод шилжиж байгаа үед Хятадад улам л асуудал авчрах болно. Ялангуяа хөгжингүй орнууд, дэлхий хямралаас гарч чадахгүй байгаад Хятадын энэ бодлогыг буруутгадаг. Тиймдээ ч АНУ эхлэн хятадын бараанд квот тавьж, юаны ханшаа чангаруулахыг шаардах болсон. Харин Хятадын хувьд энэ нь зөвшөөрөх аргагүй хүсэлт, үнээ хямд байлгаж байж энэ олон хүнээ тэжээнэ....үгүй бол үүнээс ч илүү дотоодын хямрал үүснэ.
  3. Дахиж 2 их наядаас илүү хөрөнгө оруулалт хийх. Эцсээ хүртэл эдийн засгаа дэмжинэ, дунд нь хугацаа хожиж, бүтцийн эрсдлээ багасгах.

       Хамгийн хэрэгжих боломжит хувилбар нь миний бодлоор бол бүгд хавсарсан хувилбар. Өөрөөр хэлбэл, эдийн засагт засгийн газраас мөнгө хийнэ ирэх онд, гэхдээ бодлого нь дотоодын хэрэглээг дэмжихэд чиглэнэ, давхар юаны ханшаа мэдээж аажмаар чангаруулна.




Sunday, December 18, 2011

FOREX арилжаа үр өгөөжтэй явуулах 82 зөвлөгөө (2-р хэсэг)


FOREX зах зээлийг сонирхон судалж буй анхлан суралцагч мөн идэвхтэй тоглогч хэн бүхэнд эргэж харахад гэмгүй гэж үзээд домогт трейдер Д.Швагерийн арилжаа үр өгөөжтэй явуулах 82 зөвлөгөөг сийрүүллээ.
Бусад дүрэм зөвлөмжүүд:
1.      Зах зээлийн төлөв байдал болон арилжааны загвар дүрсүүдэд бага анхаарлаа хандуулж, дэмжлэгийн шугам ба эсэргүүцлийн шугам болон зорилтот үнэ ханшид илүү анхаарал хандуулах нь таны зорилтот зах зээлийн талаархи зөв бодол дүгнэлтийг өөрчлөх үндэс болдог.
2.      Хэрэв зах зээлд орох, гарах талаар мэдрэмж төрж байвал, хүлээж цаг алдах хэрэггүй.
3.      Урт хугацааны трендийг зөв тодорхойлсон үедээ өөрийн бодлын эсрэг позици бүү нээ. Энгийн үгээр бол 2 сандал дээр зэрэг сууж болохгүй.
4.      Ашигтай позици эхнээсээ л тодорхой байдаг.
5.      Арилжаанаас гарах ба орох цэгээ зөв тодорхойлсон нөхцөлд анхны позици буруу нээсэн нөхцөлд ч цаашид томоохон алдагдал хүлээхээс сэргийлж өгдөг.
6.      Өдрийн хүрээнд шийдвэр гаргах нь ихэвчлэн буруу байдаг. Иймд интра өдрийн арилжаа хийхээс зайлсхийх хэрэгтэй.
7.      Баасан гаригт зах зээлд хаагдах үеийн үнэ ханшийг сайтар ажиглах ёстой. Учир нь энэ үед зах зээлийн цаашдын төлөв байдал дараагийн Даваа гаригаас илүүтэй тодорхой болж өгдөг. Ялангуяа томоохон позици барьж байх үедээ бүүр даган мөрдөх ёстой.
8.      Зах зээлийн талаархи таны зүүд ихэвчлэн зах зээлийн талаархи таны бодол, мэдлэг дээр суурилсан байдаг тул арилжаанд ашиглахад гэмгүй.
9.      Алдагдалтай арилжаа хийхээс хамгаалсан дархлаа гэж байхгүй, залхуурахгүй, асуудалд тоомжиргүй хандахгүй байхад таны алдагдал хүлээх магадлал тодорхой хувиар буурна.

Ханшийн загварууд:
10.  Хэрэв ханш түүхэн максимум цэгтээ хүрээд эргээд унахгүй байвал энэ нь тренд үргэлжлэх бүрэн дохио болно. Энэ цэг дээр зарах нь хамгийн том алдаа болдог.
11.  Арилжааны өргөн далайцийн дээд хэсэгт ханш төвлөрөх нь бухын зах зээлийн, доод хэсэгт ханш төвлөрөх нь баавгайн зах зээлийн дохио болдог.
12.  Урт хугацаанд үргэлжилсэн ханшийн богино далайцийг ханш сэтлэх дайралт хийх үед дагаж позици нээх хэрэгтэй. Алдагдлаас хамгаалах цэг нь богино далайцын нөгөө ирмэг байна.
13.  Ханшийн сэтлэх дайралт ханшийн далайцын ирмэг дээр 2 болон түүнээс дээш долоо хоног тогтох нь ханш энэ чиглэлд явах томоохон техник үндэслэл болдог.
14.  Ялангуяа ханшийн урт хугацааны өргөн далайцын ирмэг дээр туг эсвэл хошуу хэлбэртэй ханшийн дүрс үүсэх нь ханш үргэлжилж энэ чиглэлд явах том дохио болдог.
15.  Ханш огцом өссөн чиглэлд арилжаа хийх нь зөв байдаг.
16.  Ханшийн богино зурвас дээр ханш 1-2 сар тогтож байгаад сэтлэж дайрах нь тэр чиглэлд ханш хөдлөх сайн шалтгаан болдог. Ялангуяа баавгайн зах зээл дээр илүү сайн ажиглагддаг.
17.  Ханшийн сэтлэлт буцаж эхний 7 хоногтоо буухгүй үед ханш тэр чиглэлд хөдлөх сайн дохио болдог.
18.  Ханшийн хүрээнээс сэтэлсэн дайралт эргээд долоо болон 2 долоо хоногийн хүрээнд эргээд ханшийн хүрээ рүү буцах коррекци хийгдэж байвал энэ нь бухын болон баавгайн захын том хавх болохыг зааж байдаг.
19.  Ханшийн дайралт ханшимйн хүрээг сэтэлж гарсан ч эргэж коррекци хийгдэн бууж ирэхдээ ханшийн хүрээнд туг болон хошуу дүрс үүсгэсэн нөхцөлд тренд эргэж байна гэж дүгнэн эсрэг талд позици нээх хэрэгтэй.
20.  Ханш арилжааны хүрээний аль нэг ирмэгт хүрээд эргээд ханшийн хүрээний өргөний 75 хувь хүртэл эргэж буух нь баавгай болон бухын хавхны сайн нөхцөл болдог.
21.  V хэлбэрийн уналтын дараа ханш эргээд дүрсийн эхний цэгт хүрсэн байх нь цаашид ханш унах сайн баталгаа болж өгдөг. Ханш унаад Vцэгийн минимум үзүүрт хүрэх гэж оролдох нь үүссэн хөдөлгөөн дахин өмнөх V дүрсийн минимумийг эвдэнэ гэж үздэг. Яг адил зүйлийг V хэлбэрийн өсөлт дээр хэлж болно.
22.  V хэлбэрийн ханшийн уналт ба өсөлтийн дараа ханш эргээд тренд эхэлсэн цэгийн орчим олон сараар төвлөрсөн нөхцөлд энэ нь эргээд дахин ханш шинэ минимум болон максимум хийх дохио болдог.
23.  Жижиг туг болон хошуун хэлбэртэй ханшийн дүрс олноор  төвлөрсөн нөхцөл нь ханш ханшийн тренд үргэлжлэх сайн шинж болдог.
24.  Муруй хэлбэрийн ханшийн төвлөрөл нь трендийг хурдасгах дохио болдог.
25.  Ханшийн үндсэн трендийн эсрэг чиглэлд муруй хэлбэрийн ханшийн төвлөрөл үүсэх нь ханш эргэх дохио болдог.
26.  Өмнөх арилжааны өдрүүдийн дундаж далайцаас илүү өргөн арилжааны өдийн хаагдах үеийн ханш үндсэн трендийн эсрэг байх нь ханш эргэх сайн дохио болдог.
27.  2-4 хоногийн хугацаанд ханш өмнөх минимум максимум цэгээ эвдэж хөдөлж байвал энэ нь ханш дараа долоо хоногт энэ чиглэлд хөдлөх дохио болно.
28.  Шип буюу огцом үзүүр ханшийн дүрслэл дээр үүсэх нь богино хугацаанд ханш эргэх сайн дохио болдог. Алдагдлаас хамгаалах цэг ээ шипийн үзүүр дээр тавих хэрэгтэй.
29.  График дээр шип буюу огцом үзүүр гарсан нөхцөлд эхний удаа шипийг оруулж, 2 дахь удаа шипийг оруулахгүй анализ хийж үзэх нь зүйтэй.
30.  Ханш ханшийн хүрээний дээд доод цэгийг сэтлээд эргээд тодорхой хэмжээнд хурдассан боловч эргээд энэ хэмжээгээр ханш эргэж нөхөгдөх нь ханшийн эргэлтийн дохио болж болно.
31.  Огцом өсөлт бууралтын дараа ханш эргэж өмнөх ханшийн хүрээнд бууж ирэх нь цаашдаа урт хугацаанд дахин минимум максимум цэг хийх дохио болно.
32.  Өндөр корреляци бүхийн зах зээлүүд дээр хүчтэй өөрчлөлт гарч байх үед зах зээл тогтвортой байх нь хэрэгслийг дотоод хүчтэй байна гэж дүгнэж болно. Эсрэг үед хэрэв бусад зах хүчтэй үед хэрэгслэл дээр сулралт ажиглагдаж байвал баавгайн зах зээлийн дохио болно.
33.  Өдрийн арилжааны ихэнх үед ханш өсөж байсан бол хаагдах үед ч өснө.
34.  Бага зэрэг зайтай ханшийн туг дүрс үүссэн байвал ханш үргэлжилнэ.
35.  Дугуй хэлбэрийн уналтын дараа муруй хэлбэрийн өсөлт гарвал ханш өсөх дохио болно. Сэнжтэй аяганы дүрс.
36.  Зах зээл дээр тренд хүчтэй үүсэж байх үед зах зээлд оролцогчид идвэхгүй байх нь ханш дахиад энэ чиглэлд хөдлөх дохио болдог. Харин эсэргээрээ зах зээлд оролцогчид идвэхтэй сэтгээлийн хөөрөлтэйгөөр огцом хугацаанд минимум максимум хийж байх нь ханш эргэх дохио болдог. Өөрөөр хэлбэл ханшийн максимум минимум түвшин нь зах зээлд оролцогчид хэт хөөрөлтэй байх үед л үүсдэг.
37.  Ханшийн зарим сигнал хуурамч үргэлжлэхгүй байвал ханшийн энэ сигнал үүсэхээс өмнөх тренд үргэлжилнэ гэсэн сайн дохио болно.
38.  Хэрэв зах зээлд нөлөөлөх томоохон мэдээний дараа ханш хүссэн нөхцөлд хөдлөхгүй байх нь тренд эргэх дохио болно.

Арилжааны дүн шинжилгээ :
39.  Графикийг өдөр тутам харж үзэж байх ёстой, ялангуяа завгүй үедээ.
40.  Үе үе урт хугацааны ханшийн график ажиглаж байх хэрэгтэй.
41.  Дилерийн арилжааны тэмдэглэл тогтмол хөтлөх
42.  График дээрхи дүрсүүдийн сонирхолтой хэсгүүдийг тэмдэглэж авч харж байх хэрэгтэй.
43.  Дилерийн тэмдэглэл болон график дүрсүүд дээр 3 сар тутам шинжилгээ хийж арилжааны стратеги шинэчлэж байх хэрэгтэй.

Saturday, December 17, 2011

MF Global яагаад дампуурсан бэ?

         АНУ-н 7 дахь том брокер дилерийн пүүс 2011 оны 10-р сарын 31-нд албан ёсоор шүүхэд хандаж дампуураад байгаа нь зах зээл дээр Lehman Brothers шиг хямрал дагуулаагүй ч олон нийт, хөрөнгө оруулагчдын дунд 2008 оны Wall street-д ямар ч өөрчлөлт, сургамж ороогүй хэвээрээ байна гэдэг айдас үүсгээд байна. Нийт тус пүүсийн харилцагчдын хөрөнгөнөөс 1,2 тэрбум доллар, компани оршин тогтнож байсан сүүлийн өдрүүдэд ор тас алга болсон нь хамгийн их анхааралд өртөөд байна.
        Хөрөнгийн зах зээл хэзээ хамгийн сайн функц, үүргээ биелүүлдэг вэ гэвэл хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдийг холбож байдаг мэдээллийн зуучлагчид (зохицуулагч байгууллагууд, аудитын компаниуд, рейтинг үнэлгээний байгууллагууд) болон санхүүгийн зуучлагчид (хөрөнгө оруулалтын банкууд, брокер дилерийн пүүсүүд) үүргээ сайн биелүүлж байх үе байдаг. MF Global нь хэдийгээр өөрөө дундын санхүүгийн зуучлагч байгууллага боловч OTC Markets-д бүртгэлтэй хувьцаат компани учир нэг талдаа АНУ-н SEC буюу хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилго бүхий байгууллага нөгөө талдаа санхүүгийн зах зээлийн тоглогч учир тэдний ёс зүйг сахиулж байдаг FINRA-д хянагддаг мөн давхар S&P буюу зээлжих чадвар үнэлэгчтэй, PWC гэдэг аудиторын хяналт доор байсан. Гэтэл яагаад энэ олон хяналтын доор ийм явдал тохиолдсон нь сонин болж байна.
         MF Global-н түүхийг сөхөж харвал, 1783 онд Английн чихэр наймаалагч James Man үүсгэн байгуулсан Man Group-н брокер дилерийн нэгж байсан ба 2007 онд Man Group-с тусдаа бие даасан брокер дилерийн компани болж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Үндсэн бизнесийн загвар нь харилцагчдын хүсэлтээр тэдний авах, зарах захиалгыг  зах зээл дээр матч хийж үүнийхээ төлөө шимтгэл авдаг байгууллага. Өөрөөр хэлбэл харахад ямар ч илүү дутуу эрсдэл байхгүй бизнес. Тэгвэл дараахи нөхцөл байдал энэ пүүсийг дампуурахад хамгийн голлох нөлөөллийг оруулсан гэж дүгнэж байна. Үүнд :
  1. Wall Street-н зохицуулагчид  Dodd-Frank act буюу Волкерийн журам батлагдсанаар банкны систем дээр байсан томоохон эрсдэл зах зээлийн бусад хэсэг рүү шилжиж байгааг мэдээгүй. Дээрхи журам нь банкуудыг банкны өөрийн хөрөнгөөр дэнчин тавьж томоохон эрсдэлтэй арилжааны үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон. Үүний үр дүнд эрсдэл багатай гэж дүгнэгдэн хяналт банкуудаас сул тавигдаж байсан брокер дилерийн компаниуд дээр хөрөнгө оруулалтын банкуудаас ажилгүй болсон, эрсдлийн өндөр үнэлэмж бүхий трейдер, дилер, менежерүүд шинээр ажил авч хуучин ажлаа хийж эхэлсэн. Jon Corzine буюу ex Goldman Sachs удирдагч, MF Global-н гүйцэтгэх захирлын ажлыг авснаар дээрхи нөхцөл байдлыг боломж гэж дүгнэж, багтаа банкууд болон хедж сангуудаас трейдерүүдийг элсүүлэн томоохон далайцаар, пүүсийн хөрөнгөөр арилжаа хийж эхэлсэн нь бүх эрсдлийн үүд байжээ.
  2. MF Global-н хөрөнгө оруулагчид компанийг өөрчлөх гүйцэтгэх захирал сонгохдоо алдаа гаргасан. Гүйцэтгэх захирал нь заавал хувийн чадвар сайтай, нэр хүндтэй нэгэн байхаас илүүтэй компанийг удирдан зохион байгуулах тэр механизмийг бүрдүүлж чадах нэгэн байх ёстой. MF Global нь сүүлийн 2 жилд алдагдалтай ажиллаж байсан ба үндсэн шимтгэлийн орлого дээр суурилсан бизнес нь нэгэнт явахгүй нь тодорхой болсон тул шинэ удирдагч хайж байсан.  Jon Corzine нь Goldman Sachs-н амжилттай трейдерүүдийн нэг байсан ба улс төрд ч амжилт олж АНУ-н сенатор, Нью-Жерси мужийн амбан захирагч зэрэг хариуцлагатай ажил хийж байсан. Жон ч өөртөө томоохон эрсдэл хийх замаар томоохон ашиг олж чаддаг чадварлаг менежер гэдэг имидж бүрдүүлсэн гэхдээ тэрээр MF Global-д ирээд уламжлалт бизнесийн загварыг өөрчлөх бус пүүсэд шинээр хөрөнгө оруулалтын сангийн шинж чанар оруулсан нь эрсдэлд дагуулсан. Тэрээр биечлэн арилжааны багаа удирддаг байсан ба гол анхаарлаа 2010 оны зунаас эхлэн Европын өртэй улсуудын бондыг худалдан авахад чиглүүлсэн. Нийт 6,3 тэрбум ам долларт европын өртэй улсуудын бондыг MF Global  худалдаж авсан нь пүүсийн өөрийн хөрөнгөнөөс 5 дахин илүү гарч цаашдаа Европ дахь байдал хүндрэх тусам пүүсийн хөрвөх чадварт аюул учруулж эхэлсэн. Жон өөрөө бол чадварлаг трейдер байсан нь 2011 онд зөвхөн өөрөө хийсэн арилжаанаас пүүст 10 сая ам долларын ашиг оруулснаас харагддаг мөн түүний Европын арилжаанаас пүүс дампуурал зарласны дараа ч бодит алдагдал хүлээгээгүй байгаа. Энэ бүхнээс юү гэж дүгнэж болж байна гэвэл тэрээр уламжлалт бизнест анхаарахгүйгээр зөвхөн маш түргэн хугацаанд алдагдалтай пүүсийг ашигтай болгож нэр хүнд олж авах гэж хэт улайрч том даац хэтэрсэн позици авсан нь эргээд өөрийг нь болон пүүсийг унагасан байна. Хэрэв тэр уламжлалт бизнест илүү анхаарч одоо болтол утсаар арилжааны захиалга авч буйг зогсоох ч юм уу өөр талд нь анхаарлаа хандуулсан бол байдал өөр ч байх боломжтой байлаа.
3. Мэдээллийн зуучлагч байгууллагууд үүргээ дутуу биелүүлсэн. Өөрөөр хэлбэл MF Global -н баланс дээр байсан тэр том дүнтэй Евро бондыг яагаад S&P болон PWC мэдээгүй гэж.......тэд үйлчилгээний төлбөрөө авч байсан нь өнөөдөр хэт хатуурхсанаас болж маргааш дахин үйлчилгээ авах харилцагчаа алдана гэж айсан уу? Эсвэл тэдний нэр хүндтэй удирдагч Жон-с сүрдсэн үү? Дампуурсан хойно нь ил болсон мэдээллээр бол бондыг баланс дээр маш болхи аргаар далдалж байсан гэж шуугиад байгаа өөрөөр хэлбэл европын өртэй улсуудын бондыг худалдаж авахдаа зээл зах зээлээс авч байсан ба эргээд бондоо зээлийн барьцаанд тавьж байсан. Мөн бондыг репо буюу эргэж худалдан авах нөхцөлтэйгээр зарсан гэж бүртгэн эрсдлээр жигнэсэн активаа бууруулж байсан гэж байгаа. S&P 2010 онд зээлжих эрх тогтоохдоо шинэ менежмент буюу Жоны стратеги эрсдэлтэй ч  хэрэгжих боломжтой, итгэлтэй гэж дурьдсан бол PWC-н бага зэрэг маргасны эцэст footnote буюу жижиг тайлбар хийхээр евробондын асуудлыг хөндсөн байдаг. Жон биечлэн лобби хийж байсан ч гэж яригдсан. Хэрэв тэд эрт мэдээлэл зөв шударга гаргасан бол өнөөдөр 1,2 тэрбум алга болохгүй, MF Global-н 3700 ажилтан ажилгүй болохгүй байлаа.
4. Дахиад л санхүүгийн зохицуулагчдын паник зах зээлийг бужигнаанд оруулж нэг дампуурлыг өдөөжээ. FINRA эхэлж, эрсдлийг харсан ба 200 сая долларын эрсдлийн сан бүрдүүлэх шаардлага тавьсан. SEC-н хувьд хамгийн эрх мэдэлтэй газар боловч асуудлыг шалгаж байна гэж цаг алдсан энэ үед өмнө чимээгүй байсан S&P болон Moodys арьсаа хамгаалж MF Global -н зээлжих чадварыг жанк зэрэглэлд оруулсан нь..... зах зээл дээр паник үүсгэж хөрөнгө оруулагчид мөнгө татаж, counterparty  буюу зах зээл дээрхи  түншүүд барьцаа хөрөнгө нэмэгдүүлэх шаардлага тавьсан нь пүүсийг хөрвөх чадварын дутагдалд оруулж 1,2 тэрбум харилцагчдын хөрөнгийг нээлттэй позицуудын маржин колл-г хаахад зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл зохицуулагчид болон рейтинг тогтоогчдын хариуцлагагүй байдал пүүст богино хугацаанд 1,2 тэрбум ам долларын алдагдал үүсгэсэн байна.

Манай улсын хувьд ч брокер дилерийн пүүсийн тоо борооны дараахи мөөг шиг нэмэгдэж байгаа энэ үед зөвхөн шимтгэл дээр суурилдаг эрсдэлгүй бизнес гэж харалгүй, харилцагчдын хөрөнгөөр арилжаа хийх нөхцөл бүрдэхээс сэргийлэхэд дээрхи тохиолдол санамж болох нь зайлшгүй.