Saturday, December 17, 2011

MF Global яагаад дампуурсан бэ?

         АНУ-н 7 дахь том брокер дилерийн пүүс 2011 оны 10-р сарын 31-нд албан ёсоор шүүхэд хандаж дампуураад байгаа нь зах зээл дээр Lehman Brothers шиг хямрал дагуулаагүй ч олон нийт, хөрөнгө оруулагчдын дунд 2008 оны Wall street-д ямар ч өөрчлөлт, сургамж ороогүй хэвээрээ байна гэдэг айдас үүсгээд байна. Нийт тус пүүсийн харилцагчдын хөрөнгөнөөс 1,2 тэрбум доллар, компани оршин тогтнож байсан сүүлийн өдрүүдэд ор тас алга болсон нь хамгийн их анхааралд өртөөд байна.
        Хөрөнгийн зах зээл хэзээ хамгийн сайн функц, үүргээ биелүүлдэг вэ гэвэл хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдийг холбож байдаг мэдээллийн зуучлагчид (зохицуулагч байгууллагууд, аудитын компаниуд, рейтинг үнэлгээний байгууллагууд) болон санхүүгийн зуучлагчид (хөрөнгө оруулалтын банкууд, брокер дилерийн пүүсүүд) үүргээ сайн биелүүлж байх үе байдаг. MF Global нь хэдийгээр өөрөө дундын санхүүгийн зуучлагч байгууллага боловч OTC Markets-д бүртгэлтэй хувьцаат компани учир нэг талдаа АНУ-н SEC буюу хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зорилго бүхий байгууллага нөгөө талдаа санхүүгийн зах зээлийн тоглогч учир тэдний ёс зүйг сахиулж байдаг FINRA-д хянагддаг мөн давхар S&P буюу зээлжих чадвар үнэлэгчтэй, PWC гэдэг аудиторын хяналт доор байсан. Гэтэл яагаад энэ олон хяналтын доор ийм явдал тохиолдсон нь сонин болж байна.
         MF Global-н түүхийг сөхөж харвал, 1783 онд Английн чихэр наймаалагч James Man үүсгэн байгуулсан Man Group-н брокер дилерийн нэгж байсан ба 2007 онд Man Group-с тусдаа бие даасан брокер дилерийн компани болж үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Үндсэн бизнесийн загвар нь харилцагчдын хүсэлтээр тэдний авах, зарах захиалгыг  зах зээл дээр матч хийж үүнийхээ төлөө шимтгэл авдаг байгууллага. Өөрөөр хэлбэл харахад ямар ч илүү дутуу эрсдэл байхгүй бизнес. Тэгвэл дараахи нөхцөл байдал энэ пүүсийг дампуурахад хамгийн голлох нөлөөллийг оруулсан гэж дүгнэж байна. Үүнд :
  1. Wall Street-н зохицуулагчид  Dodd-Frank act буюу Волкерийн журам батлагдсанаар банкны систем дээр байсан томоохон эрсдэл зах зээлийн бусад хэсэг рүү шилжиж байгааг мэдээгүй. Дээрхи журам нь банкуудыг банкны өөрийн хөрөнгөөр дэнчин тавьж томоохон эрсдэлтэй арилжааны үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон. Үүний үр дүнд эрсдэл багатай гэж дүгнэгдэн хяналт банкуудаас сул тавигдаж байсан брокер дилерийн компаниуд дээр хөрөнгө оруулалтын банкуудаас ажилгүй болсон, эрсдлийн өндөр үнэлэмж бүхий трейдер, дилер, менежерүүд шинээр ажил авч хуучин ажлаа хийж эхэлсэн. Jon Corzine буюу ex Goldman Sachs удирдагч, MF Global-н гүйцэтгэх захирлын ажлыг авснаар дээрхи нөхцөл байдлыг боломж гэж дүгнэж, багтаа банкууд болон хедж сангуудаас трейдерүүдийг элсүүлэн томоохон далайцаар, пүүсийн хөрөнгөөр арилжаа хийж эхэлсэн нь бүх эрсдлийн үүд байжээ.
  2. MF Global-н хөрөнгө оруулагчид компанийг өөрчлөх гүйцэтгэх захирал сонгохдоо алдаа гаргасан. Гүйцэтгэх захирал нь заавал хувийн чадвар сайтай, нэр хүндтэй нэгэн байхаас илүүтэй компанийг удирдан зохион байгуулах тэр механизмийг бүрдүүлж чадах нэгэн байх ёстой. MF Global нь сүүлийн 2 жилд алдагдалтай ажиллаж байсан ба үндсэн шимтгэлийн орлого дээр суурилсан бизнес нь нэгэнт явахгүй нь тодорхой болсон тул шинэ удирдагч хайж байсан.  Jon Corzine нь Goldman Sachs-н амжилттай трейдерүүдийн нэг байсан ба улс төрд ч амжилт олж АНУ-н сенатор, Нью-Жерси мужийн амбан захирагч зэрэг хариуцлагатай ажил хийж байсан. Жон ч өөртөө томоохон эрсдэл хийх замаар томоохон ашиг олж чаддаг чадварлаг менежер гэдэг имидж бүрдүүлсэн гэхдээ тэрээр MF Global-д ирээд уламжлалт бизнесийн загварыг өөрчлөх бус пүүсэд шинээр хөрөнгө оруулалтын сангийн шинж чанар оруулсан нь эрсдэлд дагуулсан. Тэрээр биечлэн арилжааны багаа удирддаг байсан ба гол анхаарлаа 2010 оны зунаас эхлэн Европын өртэй улсуудын бондыг худалдан авахад чиглүүлсэн. Нийт 6,3 тэрбум ам долларт европын өртэй улсуудын бондыг MF Global  худалдаж авсан нь пүүсийн өөрийн хөрөнгөнөөс 5 дахин илүү гарч цаашдаа Европ дахь байдал хүндрэх тусам пүүсийн хөрвөх чадварт аюул учруулж эхэлсэн. Жон өөрөө бол чадварлаг трейдер байсан нь 2011 онд зөвхөн өөрөө хийсэн арилжаанаас пүүст 10 сая ам долларын ашиг оруулснаас харагддаг мөн түүний Европын арилжаанаас пүүс дампуурал зарласны дараа ч бодит алдагдал хүлээгээгүй байгаа. Энэ бүхнээс юү гэж дүгнэж болж байна гэвэл тэрээр уламжлалт бизнест анхаарахгүйгээр зөвхөн маш түргэн хугацаанд алдагдалтай пүүсийг ашигтай болгож нэр хүнд олж авах гэж хэт улайрч том даац хэтэрсэн позици авсан нь эргээд өөрийг нь болон пүүсийг унагасан байна. Хэрэв тэр уламжлалт бизнест илүү анхаарч одоо болтол утсаар арилжааны захиалга авч буйг зогсоох ч юм уу өөр талд нь анхаарлаа хандуулсан бол байдал өөр ч байх боломжтой байлаа.
3. Мэдээллийн зуучлагч байгууллагууд үүргээ дутуу биелүүлсэн. Өөрөөр хэлбэл MF Global -н баланс дээр байсан тэр том дүнтэй Евро бондыг яагаад S&P болон PWC мэдээгүй гэж.......тэд үйлчилгээний төлбөрөө авч байсан нь өнөөдөр хэт хатуурхсанаас болж маргааш дахин үйлчилгээ авах харилцагчаа алдана гэж айсан уу? Эсвэл тэдний нэр хүндтэй удирдагч Жон-с сүрдсэн үү? Дампуурсан хойно нь ил болсон мэдээллээр бол бондыг баланс дээр маш болхи аргаар далдалж байсан гэж шуугиад байгаа өөрөөр хэлбэл европын өртэй улсуудын бондыг худалдаж авахдаа зээл зах зээлээс авч байсан ба эргээд бондоо зээлийн барьцаанд тавьж байсан. Мөн бондыг репо буюу эргэж худалдан авах нөхцөлтэйгээр зарсан гэж бүртгэн эрсдлээр жигнэсэн активаа бууруулж байсан гэж байгаа. S&P 2010 онд зээлжих эрх тогтоохдоо шинэ менежмент буюу Жоны стратеги эрсдэлтэй ч  хэрэгжих боломжтой, итгэлтэй гэж дурьдсан бол PWC-н бага зэрэг маргасны эцэст footnote буюу жижиг тайлбар хийхээр евробондын асуудлыг хөндсөн байдаг. Жон биечлэн лобби хийж байсан ч гэж яригдсан. Хэрэв тэд эрт мэдээлэл зөв шударга гаргасан бол өнөөдөр 1,2 тэрбум алга болохгүй, MF Global-н 3700 ажилтан ажилгүй болохгүй байлаа.
4. Дахиад л санхүүгийн зохицуулагчдын паник зах зээлийг бужигнаанд оруулж нэг дампуурлыг өдөөжээ. FINRA эхэлж, эрсдлийг харсан ба 200 сая долларын эрсдлийн сан бүрдүүлэх шаардлага тавьсан. SEC-н хувьд хамгийн эрх мэдэлтэй газар боловч асуудлыг шалгаж байна гэж цаг алдсан энэ үед өмнө чимээгүй байсан S&P болон Moodys арьсаа хамгаалж MF Global -н зээлжих чадварыг жанк зэрэглэлд оруулсан нь..... зах зээл дээр паник үүсгэж хөрөнгө оруулагчид мөнгө татаж, counterparty  буюу зах зээл дээрхи  түншүүд барьцаа хөрөнгө нэмэгдүүлэх шаардлага тавьсан нь пүүсийг хөрвөх чадварын дутагдалд оруулж 1,2 тэрбум харилцагчдын хөрөнгийг нээлттэй позицуудын маржин колл-г хаахад зарцуулсан байна. Өөрөөр хэлбэл зохицуулагчид болон рейтинг тогтоогчдын хариуцлагагүй байдал пүүст богино хугацаанд 1,2 тэрбум ам долларын алдагдал үүсгэсэн байна.

Манай улсын хувьд ч брокер дилерийн пүүсийн тоо борооны дараахи мөөг шиг нэмэгдэж байгаа энэ үед зөвхөн шимтгэл дээр суурилдаг эрсдэлгүй бизнес гэж харалгүй, харилцагчдын хөрөнгөөр арилжаа хийх нөхцөл бүрдэхээс сэргийлэхэд дээрхи тохиолдол санамж болох нь зайлшгүй.

No comments:

Post a Comment