Sunday, October 30, 2011

Эцсийн эцэст Японы Төв банк интервенц хийлээ...


Өнөө өглөөний гол үйл явдал нь маш олон удаа verbal intervention буюу иены ханшийг дэлхийн 2-р дайнаас хойших хамгийн чанга түвшин болох 75,5 –с  сулруулах амлалтаа Японы Төв банк биелүүлж валютын зах дээр интервенц хийж доллар худалдан авч зөрүүлээд  иен зарлаа. Интервенцийн үр дүнд иены ханш хэдхэн секундын хугацаанд нийт 400 пипс буюу 5,2 хувь суларлаа.
Дээрхи үйл явдал нь угаасаа хэврэг байсан валютын зах дээрх эрсдлийн мэдрэмжийг нэмэгдүүлж, ам долларын огцом хомсдол нь иен төдийгүй бусад валютууд долларын эсрэг огцом 100-150 пипс унагалаа. Евро ч үүнээс хоцорсонгүй 1,4150-с 1,4030 ханш руу буусан нь Европын холбооны 3 өдрийн настай байгаа аврах төлөвлөгөө хэр хэврэг эд болохыг давхар баталлаа.
Грекийн бондийн нэрлэсэн үнийг 50 хувиар хасалт хийж хувь хөрөнгө оруулагчдад алдагдал болгож байгааг ISDA буюу олон улсын своп болон деривативын холбооноос албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байна. Хэрэв тэд алдагдал нь зах зээл дээрхи Грекийн өрийг даатгасан Credit default swap хэлцэлд нөлөөлнө гэж үзсэн нөхцөлд нийт 3,7 тэрбум долларын үнэлгээтэй энэ хэрэгслийг эзэмшигч хөрөнгө оруулагчдыг мөн алдагдалд оруулж эргээд энэ нь credit event буюу банкуудын зээлжих чадварт сөргөөр нөлөөлнө.
Нөгөө талдаа, Европын санхүүгийн тогтортой байдлын сангийн хөрөнгийг 1,4 тэрбум их наяд евро хүргэнэ гэж зарласан ч хэрхэн яаж өсгөх нь тодорхойгүй хамгийн сүүлийн байдлаар Европын холбооноос гадна хөрөнгө оруулагчдыг хайж байгаа нь аврах төлөвлөгөөний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Тэдний эхний бай нь 520 тэрбум долларын нөөцтэй Норвегийн сан байгаа гэвч тэд одоогийн байдлаар нийт 100 тэрбумд Европын Холбооны санхүүгийн тогвортой байдлын сангийн болон тусгаар засгийн газруудын бондыг худалдаад авчихсан, сангийн хэвлэлийн төлөөлөгч нь нэмэж хөрөнгө оруулах нь сангийн хөрөнгө оруулалтын стратегитай зөрчилдөнө гэж мэдэгдсэн. Lender of last resort болж буй Хятадын засгийн газар ч евро болон бусад валютаар бонд худалдаж авахгүй, яахав юаны бонд гаргавал бодож болох юм гэсэн байгаа нь асуудлыг мухардалд оруулаад байна. Хятадын тал нийт 3,2 их наяд ам долларын нөөцийн 500 тэрбум евротэй тэнцэх хэсгийг Еврогоор илэрхийлэгддэг хөрөнгөд байршуулсан байгаа нь бас нэмэлт хөрөнгө еврод байршуулахын эсрэг тормоз өгнө.
Энэ бүхнээс дүгнэхэд, Европын холбооны аврах төлөвлөгөө нь зөвхөн Герман улсын ашигт сонирхолд нийцсэн төлөвлөө болжээ. Францын санал болгосон аврах санд банкны лиценз өгөх, Европын төв банкны эх үүсвэрт уяж өгөх, Европын нэгдсэн засгийн газрын санал болгосон евро бондын асуудал шийдэлд орж аврах төлөвлөгөөнд багтсан байсан бол илүү тогтвортой байх байлаа.
Энэ долоо хоногт 3 ч Төв банк бодлогын шийдвэр гаргана мөн дээрхи евро бүстэй холбоотой асуудал яригдана. Иймд захын хөдөлгөөн хүчтэй л байх хүлээлт үүсэж байна. АНУ-н холбооны нөөцийн систем Лхагва гаригт манай цагаар шөнийн 12:30-с бодлогын хүүгээ зарлана. Инфляци дунд хугацаанд буух хандлагатай байгаа нь QE3-г эхлүүлэх боломж өгч байгаа ч сүүлийн шийдвэрээс хойш эдийн засаг тэгтлээ муудаж ажиглагдахгүй байгаа , NFP 9-р сард өссөн мөн Евро бүсийн өрийн асуудал хэсэгтээ ч намжиж байгаа зэрэг нөөлөөлвөл тэд мөнгө хэвлэж эдийн засагтаа хийх шийдвэр гаргахгүй байх магадлал өндөр байна.  Европын төв банкны хувьд Пүрэв гаригт оройн 8:45 –с хүүгийн шийдвэрээ зарлах ба энэ удаа мөн бодлогын хүүгээ буулгахгүй 1,5 хувь дээр барих хүлээлт байна. Бүх шийдвэр Германийн байр суурьтай нийцэж гардаг гэсэн логик баривал Германийн инфляци буурахгүй байгаа, мөн евро бүст аврах төлөвлөгөө чухал болохоос хүү бууруулах нь тийм ч чухал биш байгаа нь хүүг 1,5 дээр хэвээр гарах үндэслэл болно. Хүү буурлаа ч улсын өмчит банк болохгүй гэж зардлаа бууруулж нэмэлт хөрөнгө дүрмийн сандаа цуглуулж, эрсдлээр жигнэсэн актив болон өөрийн хөрөнгийн харьцааг 9 хувьд хүргэх үүрэг авсан банкууд эдийн засгийг тэлэх хэрэгтэй гэж зээл олгох уу?  Асуултын хариугаа хүлээх үлдлээ...
Эцэстээ, доллар чангарах, евро сулрах дүр зураг харагдах магадлал өндөр байна.


Sunday, October 23, 2011

Ер нь Хямралаас хэрхэн гарах вэ? Арга зам байна уу?

Европын холбооны хямралын эсрэг 6-н өдрийн хэлэлцүүлгийн үр дүнг зах зээлд оролцогчид дараахи  гурван тооны эргэн тойронд уяж харж байна.
-          Грекийн бонд эзэмшигч хувийн хөрөнгө оруулагчдын хүлээх алдагдлыг бондын нэрлэсэн үнийн 50 хувьд хүргэх
-          Европын банкны системийн өөрийн хөрөнгийг 100 тэрбум еврогоор нэмэгдүүлэх ....
-          Европын санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгийг 2 их наяд еврод хүргэх
26 буюу энэ Лхагва гаригт зарлагдах өрийн хямралын эсрэг төлөвлөгөө эдгээр тоонуудаас хэр зөрүүтэй гарснаар цаашдын Евро болон Европ тивийн  ирээдүй хамаарах болж байна. Үнэхээр, Грекийн өрөөс хүлээх өнөөдрийн хохирол нь өндөр ч ирээдүйд Грекийн өрийг тогтвортой бууруулах боломжит хувь болох 50 хувь дээр банкуудтай тохиролцоод, банкуудыг алдагдлаас хамгаалж 100 болон түүнээс дээш тэрбум еврогийн дахин санхүүжилтыг банкуудад хүчээр улсаас санхүүжилт авахгүй хэлбэрээр шийдээд дээр нь нэмээд өрийн асуудал бусад томоохон улсуудад тархахыг 2 их наяд еврогийн аврах сангийн хөрөнгөөр баталгаа гаргаж зогсоож чадвал евро болон Европт үргэлжилж буй 2 жилийн настай хямралын давалгааг хориж урт хугацаанд тогтвортой шийдэл хайх боломж бүрдэнэ.
Тэгвэл ер нь урт хугацааны эдийн засгийг тогтворжуулах шийдэл ер нь юу байх вэ? гэдэг асуулт гарч ирж байна. Дэлхийн эдийн засгийн түүхийг сөхөж харвал хөгжлийн үе мөчлөг тутамд дээрхи шиг хямрал нүүрлэж байсан ба зөвхөн инноваци дээр суурилсан техникийн эсвэл арга зүйн шийдэл гарч ирж байж асуудлыг шийдсэн байдаг. Жишээ нь: 18-р зуунд уурын галт тэрэг гарч ирснээр эдийн засгийн эргэлт нэмэгдэж, бүтээмж өссөн.  Сүүлийн үед яригдаж буй манай зууны хямралын шийдлийн хувилбар нь алтернатив эрчим хүчний эх үүсвэртэй болох байж болох юм. Инноваци өөрөө төрдөггүй түүний ард хүн л байдаг учир асуудлын цөм маань өөрөө эргээд хүн дээр бууж байна.
АНУ–н үсрэлттэй хөгжлийн нууц нь Америк мөрөөдөл бүхий жирийн америк энтэрпренерүүд (товчоор хэлбэл зах зээл дээрхи боломжыг харж, шинэлэг инноваци дээр суурилсан шийдлийг олж, эрсдлийг үүрч зах зээл дээр нэвтрүүлдэг хүн) байсныг сүүлийн 20 жил томоохон корпорацууд дээр суурилсан АНУ-н эдийн засгийн загварын уналт, үр ашиггүй байдал баталж байна. Барууны хөгжингүй эдийн засгууд энтэрпренерүүд дээр суурилсан эдийн засгийн загвар зөв юм аа гэдгийг илүү ойлгож энэ чиглэлийг түлхүү судалж, энтэрпренерүүдийг дэмжсэн орчин санхүүгийн механизмийг бүрдүүлж өгч эхэлсэн. Сүүлийн жишээ нь дээр харахад Их Британид засгийн эрх авсан консерватив намын мөрийн хөтөлбөрийн гол үндэс нь эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, ажлын байр энэ орхиж буй орон зайг эзлэхийг Британи энтэрпренерүүдэд уриалж бүхий л талаар дэмжих ээ амласан.
Дэлхийн энэ хандлагыг Монголд буулгаж харвал, үнэхээр бид тийм сайн удам цустай гэж ойлгодог юм чин нөгөө Монголын Стив Жоббсүүд яагаад төрөхгүй байна гэдэг асуулт ургаж гарч ирж байна.
Асуудлын хариу нь миний ойлгож буйгаар энтэрпренерүүдэд зориулсан санхүүжилтын систем байхгүй байгаатай холбож үзэж байна. Монголд OTC буюу тодорхой эрсдэлтэй ч ирээдүйд өндөр өгөөж бүхий төслүүдийг санхүүжилдаг зах зээл бүтэц алга байна. (ОТС зах зээл гэдэг нь ХХК-д компани дүрмийн хүрээнд одоо буй хувьцаагаа зарах эсвэл бонд гаргах замаар эх үүсвэр татдаг зах зээл гэж товч ойлгож болно) Төрийн яамдаар дамжин хийгдэж буй жижиг дунд үйлдвэр, аж ахуй нэгжүүдийг дэмжих хөнгөлттэй зээлүүдийг энэ бүтцийг бүрдүүлэхэд эхлээд зарцуулсан бол уг нь үр дүнтэй л байх байсан болов уу даа.

Thursday, October 20, 2011

Европын эргэн тойронд...


Европын сангийн сайд нарын уулзалт мөн Европын лидерүүдийн мэдэгдлийн хүрээнд еврогийн ханш сүүлийн 3-н арилжааны өдөр 1,3650-1,3850 хооронд өдрийн дээш, доош  200 пипсийн хэлбэлзэлтэй байлаа. Сүүлийн 3-н сарыг оруулахгүй тооцвол энэ хөдөлгөөн нь еврогийн ханшны стандарт тархалтаас өндөр хазайлт ба эдийн засгийн суурь үзүүлэлтээс илүү улс төрчдийн амнаас унаж буй үгс хүчтэй нөлөөлж еврогийн ханшийг ам долларын эсрэг hypersensitive төлөвт оруулж байна.
Сүүлийн 3-н долоо хоногт зах зээл дээр үргэлжилж буй оптимизм, энэ долоо хоногт Европын өрийн асуудлыг богино хугацаанд шийдэх боломжгүй, 23-ны уулзалтаар ямар нэг гайхамшиг хүлээх хэрэггүй гэсэн Меркелийн ажлын албаны мэдэгдлээс хойш тренд эргэсэн. Мэдэгдлээс хойш еврогийн ханш ам долларын эсрэг 1,3910-с 1,3730  хүртэл нийт 180 пипс суларсан.
Зах зээлд оролцогчид Европын удирдагчид улс төрийн зөрүүгээ түр орхиж эдийн засгийн асуудлаа шийднэ гэсэн хүлээлт өндөр байгаа нь дараагийн мэдээ нь дээрхи үйл хөдлөлөөс тод харагдсан. Блуумберг мэдээлэхдээ Европын холбооны тогтвортой байдлын сангийн хөрөнгийг өрийн асуудал бүхий улсуудын бондын эхний алдагдал болох 25-30 хувьд баталгаа гаргана гэж мэдээлсэн нь одоо буй сангийн хөрөнгө 440 тэрбум еврог 1,2 их наяд евро хүртэл леверадж хийх боломж бүрдүүлнэ гэдэг оптимизм бүрдүүлж еврогийн ханш ам долларын эсрэг 1,3850 рүү эргэж чангарсан.
Гэвч дахиад л улс төрчид энэ удаа Европын холбооны 2 гол улс болох Герман болон Францын бодлогын зөрөө нь гал дээр хүйтэй ус хийсэн. Францын талын мэдэгдснээр Франц улс нь Европын санхүүгийн тогтвортой байдлын санд банкны лиценз өгөх, Европын төв банкнаас шууд санхүүжилт авах боломж бүрдүүлэх санал нь Германы талын уг санг зөвхөн бондын баталгаа хэлбэрээр ашиглах сонирхолтой зөрчилдөж буйг зарласан. Энэ мэдэгдэл нь еврогийн ханшийг долларын эсрэг 1,3650 хүртэл живүүлсэн. Германы тал сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх тал дээр маш болгоомжтой хандаж байгаа. Учир нь Зүүн Германийн өрийг Баруун Германы татвар төлөгчдийн нуруу нь дээр шийдсэн ба сүүлийн төлбөр 16 тэрбум еврог өнгөрсөн жил л хурааж дуссан. Мөн нийт Германчуудын 75 хувь нь Германийн санд оруулсан оролцоо 150 тэрбум еврог, цаашид нэмэгдүүлэх сонирхолгүй байна гэсэн санал асуулга гарсан зэрэг нь Меркелийн блокийн рейтингийг 34 хувь буюу сөрөг хүчин Социал Демократуудтай нэг түвшин хүртэл буулгаад байна.
Энэ мэдээ нь еврогийн сулралтай хамт хөрөнгийн зах зээл дээр дахин өргөн уналтыг дагуулсан нь олон улсуудын лидерүүдээс Герман болон Францад үзүүлэх шахалтыг нэмэгдүүлсэн. Меркелийн эдийн засгийн зөвлөхийн үзэж буйгаар Европын холбооны уналт нь алтернатив эрчим хүчний салбарт хүчтэй цохилт болно энгэснээр дэлхий дахины нүүрснээс хамаарах хамаарлыг нэмэгдүүлж, нүүрс, газрын тосны үнийн өсөлт дагуулна гэсэн бол, Британи томоохон сүлжээ дэлгүүрийн эзэн, Европын холбоонд гинжин урвал үүсгэхгүй замаар нэг улсын гарах механизмийн шийдлийг олсон эдийн засагчид 250 сая паундын шагнал амлаад байна.
Магадгүй дээрхи шахалт дарамтын нөлөөгөөр дахин нэг төрлийн мэдээлэл зах зээл дээр тархаж байгаа нь еврогийн ханшийг өчигдөрийн Америкийн цаг дээр эргэж 1,38 руу гаргасан. Мэдээллийн дагуу Европын улсууд, ялангуяа Герман, Франц европын аврах санг томоохон дүнгээр нэмэгдүүлэх тал дээр тохирлоо өөрөөр хэлбэл нийт европын холбооны улсуудын ДНБ-ны 10 хувьтай тэнцэх хэмжээ буюу 1,5 их наяд долларын сан байгуулна гэсэн байна. Төлөвлөгөөний задаргааг харахад 1,5 их наяд доллар буюу 940 тэрбум евро нь одоо байгаа 440 тэрбум еврогийн Европын Санхүүгийн Тогтвортой Байдлын Сангийн (EFSF) хөрөнгө мөн Европын Тогтвортой байдлын (ESM) санг 2013 он хүртэл үе шаттайгаар 500 тэрбум еврод хүргэж нийт дүнг бүрдүүлнэ гэж заасан байна.
Дээрхи мэдэгдэл еврогийн ханшийг 1 хувиар өсгөсөн ч нийт сүүлийн 500 тэрбум яг одоо бэлэн биш, 440 тэрбум евро цуглуулах гэж бүтэн 3 сар сунжирсан мөн томоохон мэдэгдлийн өмнө зах зээлд оролцогчид еврогийн лонг позицуудаа хаана гэж тооцвол өнөөдөр евро суларч хаагдах магадлалтай байна.
Нөгөө талдаа ам долларын хувьд эдийн засгийн мэдээнүүд  бодлогын шийд гаргахад зөрүүтэй гарлаа. PPI буюу нийлүүлэлтийн үнийн өсөлт жилийн хувьд 6,9 хувь гарсан  нь хүлээгдэж байсан 6,4 хувиас өссөн  ч нөгөө талдаа CPI буюу хэрэглээний үнийн өсөлт жилийн хувьд 3,8 хувь гарч тогтвортой байгаа нь инфляци богино хугацаанд тогтвортой байж Бернанкег QE3-г эхлүүлэх боломжтойг харуулж байна.
 Гэвч TIC буюу АНУ-н засгийн газрын бондын нийт цэвэр өсөлт 55 тэрбум гарсан нь хүлээгдэж байсан 9 тэрбумаас хэд дахин илүү үр дүн ба АНУ-г гурван А рейтингээ алдснаас хойш долларт итгэх итгэл буурна гэж хүлээж байсныг няцаалаа. Мөн шинэ барилга эхлэлт өнгөрсөн сартай харьцуулахад 15 хувь өсөлттэй, 9-р сарын ажилгүйдлын тоо хүлээлт дээр гарсан зэрэг нь АНУ-н эдийн засгийг удаан ч гэсэн зөв чиглэлд явж буй илтгэлээ. Энэ бүхэн нь холбооны нөөцийн системийг сүүлийн мөнгөний бодлогын хүчтэй хэрэгслээ дахин нөөцлөх шийд гаргах талд нөлөөлөх нь гарцаагүй юм.
Хамгийн сүүлд 75 тэрбум паундаар эдийн засгаа дэмжсэн Британи инфляцийн түвшин энэ оны хамгийн өндөр түвшин буюу 5,4 хувьд хүрсэн, мөн ажилгүйдэл нь сүүлийн 15 жилийн хамгийн өндөрт хүрээд байгаа  нь мөнгөний тэлэх бодлого тэр бүр ийм үед үр дүнгээ өгөхгүйг харуулж Бернанкег тормозлуулах сигнал болно.

Sunday, October 16, 2011

Таван зүйлт Европын Холбооны төлөвлөгөө бүх асуудлыг шийдэж чадах уу эсвэл зөвхөн Timeout болох уу ?

Америкийн сангийн сайд Гейтнер Европын Холбооны сангийн сайд нарын уулзалтанд оролцож, өнгөрсөн сарын турш хямралаас хэрхэн гарах зөвөлгөө харамгүй өгч байгаа нь зах зээлд оролцогчид, судлаачдын өмнө Европын 5 зүйлт төлөвлөгөөний үнэ цэнийг багасгаж байна. Өөрөө гэртээ өрийн таазыг нэмэгдүүлэхтэй холбоотой эдийн засаг, улс төрийн хямралдаа 11-р сар хүртэл Timeout  авчихаад яваа хүн өөр айлын өрийн асуудалд зөвөлгөө үнэхээр өгч чадах уу? Тэгсэн дор төсвийн алдагдлаа 1,5 тэрбум доллароор 10-н жилд хэрхэн багасгах талаар  бодож суух нь дээр л юм сан.
Европын холбооны гол лидерүүд ч мөн л дээрхтэй адил байр суурьтай байгаагаа удаа дараалан энэ бол зөвхөн Европын асуудал, бид хариуцлагаа ойлгож байна, бид л асуудлаа шийднэ гэх мэтээр илэрхийлж байгаа. Гэхдээ энэ үнэхээр бодит амлалт уу эсвэл арга ядарсан түр амсхийлт уу гэдгийг мэдэхэд одоо 8 хоног л үлдлээ дээ. Одоогийн байдлаар тэд 5 зүйл бүхий төлөвлөгөө зурчихсан хэлэлцэж байна. Төлөвлөгөөнд өмнө яриж байсан зүйлс л багтаж байгаа бололтой. Тэдгээрийг сийрүүлж хэр амьдрах боломжтой эсэх талаар дүгнэвэл:
1.      Европын санхүүгийн тогтвортой байдлын сангийн хөрөнгөөр банкуудад шууд хөрөнгө оруулалт хийх, тусгаар улсуудын өрийн бичгийг худалдан авах, санхүүгийн баталгаа гаргах
Тэд ямар ч байсан 440 тэрбумийн хөрөнгө 780 тэрбум еврод хүргэх тохиролцоондоо бол хүрсэн. Гэхдээ энэ сангаас одоогийн байдлаар Грект 85 тэрбум, Португальд 78 тэрбум мөн Ирландад 85 тэрбум нийт 248 тэрбум нь зарцуулагдсан гэтэл PIIGS буюу нийт өрийн асуудал бүхий улсуудын нийт гаргасан өрийн үлдэгдэл 2,9 их наяд евро. Өөрөөр хэлбэл одоо буй сангийн хөрөнгөөр дээрхи өрийн 30 гаран хувийг л дахин санхүүжүүлэхэд баталгаа гаргаж болох нь, шууд өр худалдан авах тал дээр Европын төв банк эсрэг байр суурьтай байгаа тул энэ хувилбарыг хаслаа.
2.      Банкуудад шинээр хөрөнгө оруулалт хийх
Европын холбооны ерөнхийлөгч Баросса 6-р сард банкуудад хийсэн стресс тестеер тохирсон, эрсдлээр жигнэсэн актив болон өөрийн хөрөнгийн харьцаа болох 5 хувийг 9 хүртэл хувь нэмэгдүүлэх саналтай байгаа. Өөрийн хөрөнгийн дахин санхүүжилт авах нь одоо буй хувь эзэмшигчдийн үнэ цэнийг буулгах мөн богино хугацаанд энэ хэмжээ хүртэл өсгөх боломжит хөрөнгө оруулагч олно гэдэг нь барааны үнэ цэнийг хямдруулж зарахтай адил тул Дойче банкны гүйцэтгэх захирал Аккерманаас эхлэн банкууд хүчтэй эсэргүйцэж байна. Сүүлийн жишээ нь дээр Бельгийн засгийн газар Dexia-н өрсөлдөх чадвар бүхий өөрийн нутаг дэвсгэр дээр буй нэгжийг 5,4 тэрбум еврогоор худалдаж авсан. Уг нь Катарын сан сонирхож байсан ч энэ хувилбараар бол Засгийн газрууд нь л мөнгө хийх тохиролцоо гарч ирнэ.  Европын холбооны банкуудын өөрийн хөрөнгө 1,1 их наяд евро байгаа мөн тэдний баланс дээр өртэй улсуудын 413 тэрбум еврогийн бондын үлдэгдэл байна. Эндээс харахад Европын тогтвортой байдлын сангаар дамжуулж банкуудын хувийг худалдаж авахад ядаж 400 тэрбум евро хэрэг болох нь илт байгаа нь дээр яригдсан сангийн хөрөнгийн хүрэлцээний асуудлыг дахин хөндөнө. Засгийн газрууд банкуудаа авраад улсын болгох тусам зээлжих эрхийн агентлагууд тэдгээр улсуудын рейтингийг техникал дефалт түвшинд бууруулж бусад олон улсын мөнгөний захаас хөрөнгө татах боломжгүй болгоно. Үгүй гэвэл 780 тэрбум аа нэмэх л хэрэг гарна тэр нөхцөлд эдийн засгийн өсөлтгүй, нэмэж мөнгө хэвлэх эрхгүй улсууд зөвхөн зээлийн хүүгээ л төлөх чадвартай үлдэнэ.
3.      Грекийн бондыг эзэмшигч хувийн зээлдэгч нарыг 50 хүртэл хувийн алдагдал хүлээлгэх
6-р сард хувь бонд эзэмшигч нартай 21 хувь хүртэл алдагдал хүлээх талаар тохиролцоонд хүрсний үндсэн дээр 2-р ээлжийн 85 тэрбум еврогийн тусламжийн багцыг баталсан. Гэтэл одоо 50 хүртэл хувь яригдаж байгаа нь хувь хөрөнгө оруулагчд ялангуяа банкууд хүчтэй эсэргүйцэж байгаа. Энэ нь дараахи нөхцөлд хүргэнэ гэж тайлбарласан байна. Үүнд:
·         Грекийн бондыг эзэмшигчид нь даатгасан байгаа өөрөөр хэлбэл нэрлэсэн үнийн 20-25 хувийг шимтгэл хэлбэрээр төлж Кредит дефальт своп худалдан авсан байгаа нь алдагдалд леверадж болж алдагдал тархана.
·         Банкуудын зээл олгох чадварыг бууруулж, эдийн засгийн өсөлтөнд оролцох оролцоог нь хязгаарлана.

4.      Европын холбооны санхүүгийн удирдлагыг сайжруулах шинэ нэмэлт заалт үндсэн тунхаг бичигт оруулах
Нэр нь санхүүгийн менежментийг сайжруулна гэж байгаа ч боломжит exit mechanism –г оруулж ирнэ байх. Яахав нөгөө талдаа Грек шиг төсөвийн алдагдлаа 2001-2007 оны хооронд Голдман саксд мөнгө төлж нуулгасан зэрэг сөрөг талын эсрэг заалт орж болох ч яг одоогийн нөхцөлд шууд үр дүн өгөхгүй заалт болно.
Яриж, яриж эцэстээ энэ бүхэн нэг л буланд тулж очих нь гарцаагүй биздээ, нэг талдаа хатуу төсөвийн бодлого, тансаг нийгмийн халамжийг хязгаарлах, хөрөнгө оруулалтын өгөөжийг чухалчлах, нөгөө талдаа бонд эзэмшигч нарт хүлээлгэх алдагдлыг нэмэгдүүлэх. Скандинавын орнуудад хэрэгжүүлсэн нийгмийн баримжаат ардчилсан эдийн засгийн загвар нь зөвхөн эдийн засгийн өсөлттэй өөрөөр хэлбэл баялаг бүтээж түүнээсээ хувь хишиг оновчтой тараах мөн нөгөө талдаа үр өгөөжтэй хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлж байж хүрнэ гэдгийг өндөр үнээр Европ ойлгох л үлдэж байна. Бүтээснээсээ илүү хэрэглэж, үр ашиггүй хөрөнгө оруулалт хаа сайгүй хийж, АНУ-г дагаж халуун цэг бүхэнд цэргийн оролцоо оруулж байсан нь энэ бүхний үндэс биз дээ.
Нэг бол чанга унах эсвэл, BRICS-н санал болгож буй IMF-н хөрөнгө оруулалтын чадавхийг 390 тэрбум доллароос нэмэгдүүлж Дэлхийн оролцоог хангаж байж л хүндрэлээс хэрхэн гарч яаж урт хугацаанд асуудлын цөмийг шийдэх хувилбараа хайх нь зөв санагдах юм.

Thursday, October 13, 2011

АНУ-н 9-р сарын Retail sales мэдээ дээр ямар хүлээлт, арилжааны стратеги байж болох вэ?

 9-р сарын АНУ-н Retail Sales  мэдээ нь маргааш манай цагаар 20:30 минутаас гарна. 8-р сард Retail Sales 0%-н өсөлттэй гарсан ч Bloomberg survey-н нийт оролцогчид 9-р сард 0,7%-н өсөлттэй гарна гэж хүлээж байна. Жижиглэнгийн борлуулалт өсөж гарахад өнгөрсөн сард ажлын байр 103 000-р нэмэгдсэн, иргэдийн хувийн хэрэглээ 0,7 % буюу хүлээгдэж байсан дүн 0,4%-с бараг 2 дахин нэмэгдсэн зэрэг нөлөөлнө гэж эдийн засагчид үзэж байгаа бол эсрэг талдаа 8-р сард хэрэглээний зээлийн багц 9,5 тэрбум доллароор буурч гарсан үзүүлэлт хязгаарлах нөлөө үзүүлнэ гэж дүгнэж байна.
Мэдээний үр дүнтэй холбоотойгоор 3-н төрлийн хүлээлт байж болж байна. Үүнд:
1.      Үр дүн хүлээгдэж буй 0,7%-с бага гарах.
Эдийн засгийн суурь утгаараа бол доллар суларч, түүний эсрэг илүү өгөөж бүхий суурь валютууд чангарна.  Жишээ нь: EUR/USD өснө.
2.      Үр дүн хүлээгдэж буй 0,7% дээр гарах.
Зах зээлд оролцогчид мэдээнээс өмнө ханшийн хөдөлгөөнд нөлөөллийг оруулж тооцсон байх магадлал өндөр учир ямар нэгэн нэмэлт хэлбэлзэл гарахгүй. Жишээ нь: EUR/USD тогтонги байна.
3.      Үр дүн хүлээгдэж буй 0,7%-с өсөж гарах
Энэ тохиолдолд доллар бусад валютын эсрэг чангарна гэж хүлээж болно. Жишээ нь: EUR/USD сулрана.
Гэхдээ дээрхи хүлээлт нь эдийн засаг тогтвортой байх үед хүчинтэй байх магадлал нь өсөх тул яг өнөөгийн хэлбэлзэлтэй, хямралын айдастай үед өөр төрлийн хүлээлт зах зээлд оролцогчдод бий болгож болно.
1.      Үр дүн хүлээгдэж буй 0,7%-с бага гарах.
Эдийн засаг хямралын зүг явж байна гэсэн хүлээлт үүсч ам доллар хөрвөх валютын хувьд эрэлт нь өснө. Нөгөө талдаа ХНС-с QE3-г эхлэх магадлал нэмэгдэх учир долларын ханш еврогийн эсрэг суларч болно.
2.      Үр дүн хүлээгдэж буй 0,7% дээр гарах.
Эдийн засгийн төлөв байдлыг тодруулахад нэмэлт мэдээлэл хэрэг болно. Гэхдээ 0,7% маань өөрөө өссөн үзүүлэлт тул доллар талдаа эерэг мэдээ болно.
3.      Үр дүн хүлээгдэж буй 0,7%-с өсөж гарах
Энэ тохиолдолд АНУ-н эдийн засаг хямрал тийш явж байна гэсэн дүр зураг багасна. Үүнийг дагаад доллар суларч евро чангарч болно. Өмнө 7 хоногт  Non-farm Payroll  буюу хөдөө аж ахуйд ажиллагсдыг хассан ажлын байрны тоо хүлээгдэж буй 55 000-с өсөж 103 000 гарсан. Сонгодог утгаараа бол АНУ-д ажлын байр хүлээлтээс илүү нэмэгдэж байгаа тул доллар чангарах ёстой ч харин нөгөө талдаа нийт хямрал дэлхий нийтийг хамраагүй байна гэсэн оптимизм давамгайлж евро болон бусад валютууд чангарч өссөн.
            Цэвэр техник талаасаа харвал EUR/USD хослол Bollinger band-р тодорхойлсон өсөх интерваль талдаа байгаа ба 14 өдрийн moving average шугамыг 1,3500 цэг дээр сэтэлсэн харагдаж байна. Цаашдаа өссөн нөхцөлд 1,4008 буюу 8-р сарын 29-ны 1,4539 дээд цэг болон 10-р сарын 4-ны 1,3140 доод цэгээс татсан Фибоначийн шугамын 61,8%-н буцалт руу тэмүүлнэ. Эсрэг нөхцөлд дэмжлэгийн шугам 1,348 дээр байршиж байна.