Wednesday, August 29, 2012

German wealth fund

         Өнгөрсөн долоо хоногт Financial Times дээр Герман болон Белгийн хоёр эдийн засагч Евро зоны эдийн засгийн хямралыг шийдвэрлэх гарц нь Германд хөрөнгө оруулалтын улсын сан байгуулах түүгээр дамжуулж Германы төлбөрийн тэнцлийн илүүдлийг буюу хуримтлагдаж буй чөлөөт эх үүсвэрийг зөвхөн евро бүсэд бус, дэлхийд байршуулах шаардлагатай тухай нийтлэл бичсэн нь сонирхолтой санагдсан тул тэдний санааг та бүхэнтэй хуваалцаж байна. 
         Эдийн засгийн онолын хичээл бага сага үзсэн хүн бүхэн одоо Грек, Испани болон Италийн өмнө тулгараад буй асуудлыг шийдвэрлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь нэгдсэн евро тэмдэгтээс гарч хуучин мөнгө тэмдэгтээ ашиглах, улмаар мөнгөний ханшаа сулруулах замаар өрөө хямдруулж, экспортийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх гэж ойлгож буй биз. 
       Нэгдсэн евро зон, мөнгөн тэмдэгтэд шилжсэнээр ханшийн эрсдэл, алдагдал энэ бүсийн хувьд алга болж, еврод нэгдсэн улсуудын хүрээнд хөрөнгө чөлөөтэй урсах болсон. Евро бүсийн хүрээнд төлбөрийн тэнцлийн хамгийн өндөр эерэг үлдэгдэлтэй улс нь Герман боловч, тэдний мөнгөн урсгал зөвхөн банкуудаар дамжиж, евро бүсийн хүрээнд байршиж байгаа нь евро бүсийн өмнөд хэсгийн улсуудын хүсээд буй еврогийн ханшны сулралтыг нөхцөлдүүлж өгөхгүй байна гэж эдийн засагчид дүгнэсэн байна. Ер нь бол дэлхийд төлбөрийн тэнцлийн илүүдлээ амжилттай байршуулдаг жишиг улсууд нэжгээд байна. Норвег, Катар улсуудын хувьд ашигт малтмалын салбараас орж ирж буй эх үүсвэрээ төрийн хөрөнгө оруулалтын сангуудаараа дамжуулж амжилттай эдийн засгийн эргэлтэнд оруулдаг бол Япон болон Швейцарь улсын хувьд өндөр хөгжсөн банкны системээ энэ зорилгод ашигладаг. 
           Тэгвэл Герман болон евро бүсэд дээрхи загвар яагаад ажиллахгүй байгаа вэ? 
1-р шалтгаан нь, Германы иргэд, аж ахуй нэгжүүд илүүдэл эх үүсвэрээ зөвхөн банкуудаар дамжуулж эдийн засгийн эргэлтэнд оруулдаг. Банкууд нь ханшийн тэгштгэлийн эрсдлээс хамаарч евро бүсээс гадна хөрөнгө байршуулах сонирхол багатай. 
2-р шалтгаан нь, Европын төв банкны зүгээс Германы банкуудын түүнд байршуулж буй эх үүсвэрт бараг тэг хувийн хүү төлдөг нь Германий банкуудын хадгаламжийн хүүг сөрөг байлгаж, төлбөрийн тэнцлийн эерэг үлдэгдлийг өсөж, үржих боломжийг хаадаг.
3-р шалтгаан нь, Европын төв банк мөн өөрт нь хуримтлагдаж буй эх үүсвэрийг евро зоны өмнөд бүсийн улсуудад хүргэхдээ тэдний банкуудыг ашигладаг. Гэтэл банкууд нь тэр эх үүсвэрийг цааш нь яг шаардлагатай байгаа бодит эдийн засагтаа оруулахгүй байна. 

Дээрх бүхний үр дүнд еврогийн ханш хүссэн түвшинд хүртэл суларч чадахгүй улмаар хямд еврогийн эх үүсвэр эдийн засгийн өсөлтөнд тэжээл болохгүй байна. Эдийн засагчид энэ загварын оронд Германд улсын хөрөнгө оруулалтын сан байгуулж, энэ сангаар дамжуулж тэдний төлбөрийн тэнцлийн илүүдлийг шууд дэлхийн бусад улсуудад байршуулснаар ихээхэн хэмжээний еврогийн гадагшлах урсгал бүрэлдэж улмаар евро бүсийн улсуудын хүсэж буй еврогийн ханшийн сулралтыг үүсгэнэ гэж дүгнэсэн байна.