Wednesday, September 5, 2012

АНУ-н Холбооны нөөцийн системийн хямралын эсрэг авч хэрэгжүүлсэн Мөнгөний бодлогын арга хэрэгсэлүүд



Өнгөрсөн 7 хоногт АНУ-н ХНС-н банкны тэргүүнүүд Жексон Холлд,  Канзасын ХНС-ийн зохион байгуулж буй Эдийн засгийн форумд цуглаж, Бен Бернанке АНУ-ийн ХНС-ийн зүгээс эдийн засгийн хямралтай мөнгөний бодлогын арга хэрэгслээр дамжуулж хэрхэн тэмцэж ирсэн, ямар үр дүнтэй байгааг товч дүгнэлээ.
            Түүний энэ илтгэлийг дэлхий даяар хөрөнгө оруулагчид хүлээж цаашдын АНУ-н мөнгөний бодлогын төлөв байдал, хөрөнгө оруулагчдын тэсэн ядан хүлээж буй эдийн засгийг дэмжих 3 дахь багц бодлого хэзээ эхлэх талаар илтгэлийн үг үсэг тус бүрийг нарийвчлан дүгнэж баримжаа таамаглал олж авах оролдлого хийлээ.
            Федийн тэргүүн илтгэлээ үндсэн 4-н хэсэгт хуваасан ба эхний хэсэгт хямрал хэрхэн эхэлсэн түүний эсрэг ХНС маань уламжлалт мөнгөний бодлогын арга хэрэгслээ хэрхэн ашигласан, 2-р  хэсэгт нэгэнт уламжлалт мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг байх боломжит максимум түвшинд ашигласан ч эдийн засгийн хямралын үр нөлөөг бүрэн тасалж чадахгүй байсан тул уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг хэрхэн ашигласан тухай, 3-р хэсэгт энэ уламжлалт бус арга хэрэгслүүдийн үр өгөөж болон сөрөг дагаварууд ямар байсан, төгсгөлийн хэсэгт мань хүн цаашдын эдийн засгийн төлөв байдлыг яаж харж буй тухайгаа дэлгэсэн байна.
            2007 оны 8-р сард мөн л уламжлал ёсоор АНУ-н ХНС-ийн банкны тэргүүнүүд Жексон Холлд цуглаж, эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэж байх үед тэдний хэн ч үүнээс дөнгөж сарын дараа дэлхийн 4-н том хөрөнгө оруулалтын банкны нэг Lehman Brothers дампуурлаа зарлаж, АНУ болон дэлхийн эдийн засгийг 1929 оны хямралаас хойш тохиолдоогүй хямралын давалгаанд живүүлнэ гэж тооцоогүй байна. Үүнийгээ ч Бен Бернанке хүлээн зөвшөөрч, нээлттэй хэлдэг.
            Гэхдээ л мань хүний удирдлага доор ХНС хямралын эхний давалгааны эсрэг гар дор боломжит бүх л эдийн засгийг дэмжих мөнгөний бодлогын арга хэрэгслээ ашигласан байна.

 2007 оны 8-р сард 5,25% байсан суурь хүүг 2009 оны 12-р сар гэхэд 500 пунктээр бууруулж 0,25% буюу байх боломжит хамгийн бага түвшинд хүргэсэн. Мөн бусад 14 улсын төв банкуудтай харилцан валют солилцох своп гэрээ хийж. Улмаар АНУ-н банкуудын үйл ажиллагааны эрсдлийг үнэлж стресс тест зохион байгуулж, өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд авсан байна.
            Гэвч 2007 онд 6% байсан ажилгүйдлийн түвшин 2009 онд 10%-д хүрч, нийт 8 сая америкчууд ажилгүй болж улмаар инфляци буурч эхэлсэн нь АНУ-н ХНС-ийг мөнгөний бодлогийн уламжлалт бус арга хэрэгслийг ашиглахад хүргэсэн байна. Эхний ээлжинд ХНС өөрийн баланс дээр эрсдлийг авч моргейж барьцаалсан үнэт цаасууд болон АНУ-н засгийн газрын урт хугацаат бондыг зах зээл дээрээс худалдан авах болсон. Энэ бодлого нь 2 үндсэн зорилттой байсан , 1-рт банкуудын баланс дээрхи эрсдлийг бууруулж, хөрвөх эх үүсвэрээр хангах, 2-рт хоёрдогч зах зээл дээр эрэлт бий болгож, урт хугацааны бенчмарк бондын хүүг буулгах замаар зээлийн хүүг багасгах байлаа. Үүний үд дүнд 2008-2010 оны хооронд, зах зээл дээр 2 ажиллагаа явуулж, ХНС-ийн баланс 2,7 их наяд ам долларт хүрээд байна. Энэ арга хэрэгсэл өмнө нь 1929-1933 оны Их хямралын үед дараа нь 1980-аад оны үед Японы өрийн хямралын үед ашиглагдаж үр өгөөжөө харуулсан энэ зууны мөнгөний шилдэг арга хэрэгсэл ээ.
Дээрхи арга хэрэгслийн үр дүнгийн талаар үнэлсэн судалгааны ажлууд ХНС болон бусад судалгааны төвүүдийн ажил нилээн гарсан ба ерөнхийдөө бодлогийн үр дүнд урт хугацааны буюу 10 жилийн хугацаатай АНУ-н засгийн газрын бондын хүү 80-120 суурь үзүүлэлтээр буурч, улмаар иргэдэд очих моргейжийн зээлийн хүү буух үндэс болсон байна. Эконометрикийн модел дээр суурилсан АНУ-н эдийн засгийн загвар үнэлгээний дагуу бол АНУ-н эдийн засгийн гарц 3%-р нэмэгдэж нийт 2 сая ажлын байр шинээр нэмэгдсэн байна.  
            ХНС-н зүгээс үнэт цаасны 2-гч зах зээлд хүчтэй интервенц хийхээс гадна өөрийн мөнгөний бодлогийн ил тод байдлыг нэмэгдүүлж. Харилцаагаар дамжуулж,  мөнгөний бодлогийн арга хэрэгслэл, тэдгээрийн үр дүн, цаашид хүүгийн түвшин ямар байх талаар хүлээлтээ зарлах болсон. Энэ ч хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлж, урт хугацаанд төлөвлөсөн хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлсэн байна.

Мэдээж сайн талын хажуугаар доорхи саар талууд ч ажиглагдсан байна. 1-рт үнэт цаасны зах зээлд хиймлээр хүчтэй оролцох нь цаашид энэ зах зээл өөрөө өөрийгөө зохицуулах горим алдагдахад хүргэсэн, 2-рт ХНС-н баланс 2,7 их наяд ам доллар хүрсэн нь ХНС-т итгэх зах зээлд оролцогчдын хүлээлтийг бууруулсан, 3-рт нийт санхүүгийн системийн тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлэх болсон угжны хурга шиг мөнгө хийх үед л өсөж бусад үед унадаг, эцэст нь мэдээж дээрхи үйл ажиллагааны хүрээнд ХНС алдагдал хүлээх магадлал гарч ирсэн.


            Эцэст нь АНУ-н эдийн засгийн өнөөгийн төлөв байдлыг дүгнэжээ. Хэдийгээр ажилгүйдлын түвшин 10%-с буурч 8,3% болсон, их хэмжээний мөнгөний нийлүүлэлт хийгдсэн ч инфляцийн түвшин ХНС-н зорилтод 2%-с даваж гараагүй. Мөн эдийн засгийн сектор тус бүрт өсөлтийн шинж тэмдэг ажиглагдаж  байгаа ч санхүүгийн зах зээл дахь зээлийн нийлүүлэлт, хөрөнгө оруулагчдын итгэл бага хэвээр байгаа нь хэрэглээг хязгаарлаж, цаашид эдийн засгийн өсөлт ажиглагдаж үргэлжлэх, ажилгүйдлийн түвшинг хямралын өмнөх 6%-д хүргэж бууруулах магадлалыг багасгаж байна гэсэн байна. 

PS:  Зах зээл мэдэгдлийг эерэгээр хүлээж авсан ба 9-р сард АНУ-н ХНС QE3-г эхлүүлнэ гэдэг хүлээлт үүсгэсэн. Учир нь Бернанке мөнгөний бодлогийн уламжлалт бус арга хэрэгслийн үр өгөөжийн талаар маш их дурдсан мөн эдийн засаг ХНС-н хүсэж буй төлөвт очоогүй байгаа нт нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлэх үндэс болно гэж зах зээл дүгнэсэн.  Өөрийн хувийн бодлыг нэмэхэд QE3, Европын асуудал нэг тийш болтол эхлэхгүй, тэгэхээр эхний ээлжинд FED гэхээс илүү ECB-н action чухал байна.
















No comments:

Post a Comment