Tuesday, October 11, 2011

Герман болон Францын амлалт Европыг хямралаас аварч чадах уу?


Германы Канцлер Ангела Меркел болон Францын ерөнхийлөгч  Николя Саркози нар 10 сарын 9-нд Европын холбооны банкуудыг хөрөнгөжүүлэх, Грекийн асуудлыг ул үндсээр нь шийдвэрлэх төлөвлөгөөг 11-р сард болох Их 20-н нэгдсэн уулзалтаар танилцуулна гэж мэдэгдсэн. Сүүлийн 3 сарын хугацаанд энэ оны хамгийн доод түвшин болох 1,3140 хүрээд байсан еврогийн ханшийг ганц өдрийн хугацаанд 1,36 буюу 460 пипс өсгөсөн нь 2009 оноос хойш валютын зах зээл дээр гараагүй байсан эргэлтийг авчирлаа.
Энэ өсөлт тогтвортой байж чадах уу? Европын холбоо бүтэн 19 сар хайж буй хямралын гарцыг 3 долоо хоногт багтааж шийдвэрлэж чадах уу? гэдэг нь зах зээлд оролцогчдын анхаарлын төвд байна. Bloomberg, Wall Street Journal, Financial times болон дэлхийн олон улсын санхүүгийн голлох хэвлэлүүдийн хэлэлцэж буйгаар хямралыг намжаах, барих дараах арга хэрэгслүүд байна. Үүнд:
1. 1973 оны Маастрихтын тунхагт өөрчлөлт оруулах. Өөрөөр хэлбэл тусгаар гишүүн улсуудыг  Европын холбооноос гарах механизм бүрдүүлэх
2. Евро бонд буюу Европын холбооны нэгдсэн өрийн хэрэгсэлд шилжих
3. EFSF буюу Европын холбооны санхүүгийн тогтвортой байдлын санг 2-3 их наяд еврогийн хэмжээнд хүргэх, цаашдаа тусгай хөрөнгө оруулалтын банкны статустай болгох
4. 1989 оны Германы нэгдэл дээр үр дүнгээ өгсөн төрийн өмчийг хувьчлах практикыг ашиглах


Меркел, Саркози нар эдгээр хувилбаруудаас алийг нь, сонгох эсвэл бүүр шинэ, яригдаагүй хувилбар гаргаж ирэх эсэхээс хамаарч дунд болон урт хугацаанд еврогийн ханш яаж өөрчлөгдөх нь тодорхойгүй байна.
Их Британы сангийн сайд Жорж Осборне нь Европыг дээврээсээ шатаж буй, хаалгагүй  байшинтай зүйрлээд Европын холбооны санхүүгийн шалгуур үзүүлэлтүүдийг бууруулж, гишүүн улсуудыг байшин шатаж нурахаас өмнө амжиж хаалга гаргахыг зөвлөсөн.
1. Маастрихтын үндсэн тулгуур үзлээсээ ухарч Грекийг Европын холбооноос гаргах нь эргээд Европын холбооны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж, цаашлан валютын ханшийн өөрчлөлт дээр тоглогч томоохон спекулянтуудыг дараагийн улсууд болох Португал, Испани, Итали руу довтлох үндсийг бүрдүүлнэ. Энэ нь эргээд еврогийн ханшид сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй.
2-р хувилбар буюу евробондыг Европын холбооны засгийн газар болон холбооны 17 орны ихэнх нь дэмжиж байгаа боловч  блокын гол тулгуур улс болох Герман эрс эсэргүүцэж байгаа нь ажил хэрэг болох магадлалыг бууруулж байна. Нэгдсэн өрийн хэрэгсэлтэй болсноор гишүүн улсуудын төсвийн сахилгыг нэмэгдүүлэх боломжтой боловч эдийн засгийн хувьд боломжтой хойд Европын улсууд нь бүтээмж багатай, тэтгэмжинд сурсан зүүн өмнөд Европын улсуудын засгийн газрын өр төлбөрт баталгаа гаргаж, зардлыг хуваалцах  шаардлагатай болно. Зөвхөн Германы жишээн дээр авч үзэхэд 10 жилийн хугацаатай засгийн бондын хүү 2,25 хувь нь европын бусад улсуудын дундаж 3,75 хувь руу өсч, энэ хэмжээгээр хөрөнгө оруулалтын зардлыг өсгөх болно..
3. Дараагийн хувилбар буюу европын санхүүгийн тогтвортой байдлын санг одоо байгаа 440 тэрбум еврогоос нэмэгдүүлж 2-3 их наяд еврод хүргэх. Үнэхээр ингэж нэмэгдүүлсэн нөхцөлд Грекийн засгийн газрын өр 2012 онд ДНБ-ны 177 хувьд хүрч 540 тэрбум евро болох, Европын холбооны улсуудын банкуудын баланс дээр буй өрийн асуудал бүхий улсуудын 200 тэрбум еврогийн асуудал хурцаар хөндөгдөх нь багасах ба 2008 онд АНУ-д хямралыг дэлхийд халдаалгүй хориглосонтой адил үр дүн гарна. Өөрөөр хэлбэл хямралын зөвхөн нүүрэн талд харагдаж буй илэрцийг илааршуулж, цаад үндсийг эмчлэх арга хайх хугацаа гарч ирнэ. Мөн л Германы тал 440 тэрбум еврогийн сан дахь өөрийн оролцоог 150 тэрбумаас нэмэгдүүлэх сонирхол байхгүй байгааг Германы Бундес банкны ерөнхийлөгч Шаубе тогтмол мэдэгдэж байгаа, Ангела Меркел болон түүний христийн ардчилсан холбоо нь өрийн хямралаас хойш дотоодын орон нутгийн 4-н ч сонгуульд сөрөг хүчинд ялагдсан нь дээрхи хувилбарыг үгүйсгэж байна. Нөгөө талаар энэ санд хөрөнгө оруулалтын банкны статус олгож Европын төв банкнаас санхүүжилт хийх хувилбар байгаа ч энэ нь эргээд  Европын Төв банкны статус квод шууд халдсантай адил тул Европын Төв банк эрс эсэргүүцэж байгааг энэ сараар дуусгаж ажлаа өгч буй Европын Төв банкны ерөнхийлөгч Тричче европын парламентын хуралд мэдэгдсэн. Мөн, энэ санг нэмэгдүүлэх нь цаад утгаараа 2008 онтой адил, хямралд өртсөн банкуудыг татвар төлөгчдийн хөрөнгөөр аврахтай адил тул Европын холбоонд үлдээд буй ААА рейтинг бүхий 6-н улсуудын рейтингийг эргэж харна гэсэн Рейтинг тогтоогч байгууллагуудын мэдэгдэл ч энэ алхмын эсрэг байна.
4. Хамгийн сүүлийн хувилбарын талаар албан ёсны байгууллагууд ярихгүй байгаа ч зах зээлд оролцогчид энэ хувилбарыг Германы зүгээс санал болгох өндөр магадлалтай гэж үзэж байна. Грекийн Улсын өмчийн хөрөнгө, аж ахуйн нэгжүүдийг хувьчилснаар нийт 150 тэрбум еврогийн хөрөнгө босох боломжтой гэж үзэж байгаа. Энэ нь тус улсын засгийн газрын өрийг ДНБ-ны 83 хувь хүртэл бууруулах боломжтой ч хямралын үеийн үнээр хямд зарах, эргээд төрийн өмчийн байгууллагуудаас халагдах ажилтнуудын нийгмийн асуудал зэргээс хамаарч Грект дотроо энэ хувилбар дэмжигдэхгүй байх өндөр хувьтай байна.
 Грек улс өөрийн зүгээс өрийг бууруулах бүхий л боломжит хувилбарыг хэрэгжүүлж, төсвийн алдагдлыг хааж байгаа ч эргээд энэ нь эдийн засгийн өсөлтөд нь сөргөөр нөлөөлж энэ онд ДНБ нь 5,5 хувиар, 2012 онд 2,5 хувиар буурах прогнозтой байна.
Дээрхи хувилбаруудаас дүгнэж үзэхэд хувилбар тус бүр дангаар хэрэгжих магадлал бага байна. Ямар нэг байдлаар хосолсон шийд гарна гэж миний хувьд харж байна. Хэрхэн шийд гарах нь Германы үйл хөдлөлөөс хамаарч шийдэгдэх нь гарцаагүй.
 Герман улсын хувьд Европын холбоог хадгалах үндсэн сонирхол нь дараахи байдлаар харагдаж байна. Үүнд:
1. Дэлхийн хамгийн том эдийн засгийн бүс нутагт өөрийн экспортын бүтээгдэхүүнийг нийлүүлэх "Агуу Герман" үзэл санаа нь нутаг дэвсгэр, хүн амын хувьд Европын холбоогоор дамжиж хэрэгжинэ.
2. Герман улс дангаар оршин байсан нөхцөлд Швейцарийн хувилбар гарч ирнэ. Швейцарийн франк энэ онд еврогийн эсрэг 22 хувиар чангарч, экспорт болон эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй.


Иймд Герман улсын зүгээс, Грекийг Евро бүсдээ урт хугацаанд анхаарал татахгүйгээр дампуурахын ирмэг дээр байлгах сонирхол байна гэж үзэж байна. Энэ нь холбооны улсуудыг банкны системдээ баталгаа гаргахыг шаардаж байгаа, Грекийн бонд эзэмшигч, хувь талуудыг бонд эзэмшсэнээр хүлээх алдагдлыг 7 сард тохирсон 21 хувиас нэмэгдүүлж, 60 хувьд хүргэхийг шаардаж байгаагаар илэрч байна. Өөрөөр хэлбэл энэ хувилбар явснаар Грек болон өрийн асуудал бүхий улсууд 1980 онд Латин Америкт тохиолдож АНУ-н зуучлалаар хэрэгжсэн өрийн дахин санхүүжилтын хувилбарт хүргэнэ. Хувь хөрөнгө оруулагчид ихээхэн алдагдал хүлээх ба өрийн дахин санхүүжилт хийгдсэн улсууд 10 түүнээс дээш жил эдийн засгийн өсөлтгүй болно. Эцэст нь бид европын банкны системийг хамгаалсан шийд хүлээх л .... үлдэж байна.





No comments:

Post a Comment