Monday, January 13, 2014

Дэлхийн банкны салбарын гол тоглогчдийн өөрчлөгдөж буй чиг хандлага



Банкны салбарын хөгжил, салбарын өрсөлдөөний чиг хандлага үүнийг дагаад бүтээгдхүүн үйлчилгээний нэр төрөл 2008 оны санхүүгийн хямралаас хойш огцом хувьсан өөрчлөгдөж байна. Дэлхийн хэмжээнд, бүсийн хэмжээнд гол өрсөлдөгч хэмээн нэрлэгддэг голлох банкуудын стратеги, эрсдлийн үнэлэмж, бүтээгдхүүн үйлчилгээ доорх байдлаар шинэчлэгдэн өөрчлөгдөж байна.

Европын хөрөнгө оруулалтын банкны элитүүд

Английн Barclays болон Германы Deutsche банкууд нь яах аргагүй хямралын өмнө дэлхийн хэмжээнд Европыг төлөөлж Wall street буюу Америкийн хөрөнгө оруулалтын банкуудтай гол өрсөлдөгч байлаа. Хямралаас хойш тэд эсрэг зүгт алхаж буй нь тэднийг удирдаж буй топ менежрүүдээс эхлээд төвлөрч буй чиглэл, бүтээгдхүүн үйлчилгээгээр илрээд байна.
Түүхийн эдийн худалдаа, валют үнэт цаасны арилжаа, хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ зэрэг хөрөнгө оруулалтын банкны үндсэн үйл ажиллагааны чиглэлүүдээс орох орлого буурсан, санхүүгийн зах зээлийн зохицуулагч нарын зүгээс тавих хяналт чангарсан зэрэг нь банкуудыг стратеги, менежментээ өөрчлөхөд хүргэж байна.

Британы Barclays-н хувьд иргэдийн банкны чиглэлээр мэргэшсэн гүйцэтгэх захирал удирдаж буй бол Deutsche нь хөрөнгө оруулалтын банкир болон экс төв банкны удирдагчын хамтарсан баг хамтын удирдлага хэрэгжүүлж байна.

Германы Deutsche банкны хувьд тэд илүү wealth management буюу хөрөнгийн удирдлага чиглэлээр төвлөрнө. Мөн өөрийн өсөлтийг Азийн зах зээл дээр хайна хэмээн мэдэгдээд байна. Магадгүй энэ ч энэтхэг гаралтай CEO томилсон шалтгааны нэг биз..

Харин Barclays хувьд City of London буюу Британы санхүүгийн зах зээл дээр ажилдаг тул энэ зах зээлийн зохицуулагчдын мөрдүүлж буй Викерийн дүрмийг сахиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын банк болон иргэдийн банкны үйл ажиллагаагаа салгах шаардлагатай болсон. Энэ ч утгаараа ирээдүйн өсөлтөө Barclays Credit Card, төлбөр тооцооны шинэ систем бүхий иргэдийн зах зээл бүр тодруулбал Африк тив хэмээн харж байна. Нийт Английн банкны системийн 18%-г бүрдүүлдэг банкны хувьд энэ стратеги хэрэгжих бүрэн боломжтой.

Харин Германы банкны нүүр царай туг баригчийн үүрэг хүлээдэг Deutsche банкны хувьд төрийн болон Германы санхүүгийн зах зээлийн зохицуулагч нарын зүгээс томоохон дэмжлэг хүлээдэг тул хэдийгээр wealth management хэмээн шинэ салбарт төвлөрөхийг хичээж буй ч хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаа нь гол бизнес нь хэсэгтээ байх нь гарцаагүй байна.

Сүүлийн улиралд тэдний wealth management нэгжийнн нийт орлогын хэмжээ 150%-иар нэмэгдсэн ч мэргэжилтнүүд үүнийг  нэгжийн зардлыг 4.5 тэрбум ам доллароор хэмнэж байж гарсан тул цаашдаа өрсөлдөгчдийн Barclays Global Investors гэх мэт хөрөнгийн удирдлагын нэгжүүдтэй тулах хэмжээнд хүртэл цаг хугацаа хэрэгтэй гэж үзэж байна.

Хөрөнгийн удирдлагын мэргэжилтнүүд ....

Швейцарийн банкны акулууд болох UBS болон Credit Suisse нь дэлхийн хэмжээнд хөрөнгийн удирдлага, хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр өрсөлдөж, хөгжиж буй улсуудын зах зээл дээр хямралын өмнө хүчтэй тэлэх бодлого баримталж ирсэн.

Харин хямралын үед хувь заяа нь эсрэг зүгт явсан. UBS бараг 60 тэрбум ам долларын алдагдлыг моргейж барьцаалсан үнэт цаасны багцаасаа 2008 онд хүлээж, засгийн газрын зүгээс санхүүгийн дэмжлэг хайхад хүрсэн бол Credit Suisse нь хямралын үед хамгийн тогтвортой байж, бүхий л хямралын үеийн ашиг хонжоог хүртжээ.

UBS балаг үүгээр дуусалгүй 2012 онд Лондон оффисийн арилжааны баг нь 2,3 тэрбум ам долларын алдагдал хүлээж, энэ алдагдлаа он дамжуулан нууж байсан нь илэрсэн нь үйл ажиллагааны үндсэн чиглэлээ өөрчлөхөөс өөр арга үлдээгээгүй байна.

Тэдний хөрөнгө оруулалтын банкны газар нь super boutique model хэлбэрт шилжиж, corporate болон retail банкны газрууддаа шаардлагатай үед зах зээл дээр өрсөлдөхүйц deal execution болон advisory үйлчилгээ үзүүлэх дэмжлэгийн хэсэгт шилжээд байна.

Харин Credit Suisse хувьд хөрөнгө оруулалтын банк болон хөрөнгийн удирдлагын нэгжийн тэнцвэрээ ханган, өөрийн хөрөнгийн хувиарлалт хийж тэнцвэртэй өсөлтийг хангахаар томьёолоод байна.

Хөрөнгө оруулалтын банкны аваргууд....

Америкийн Goldman Sachs болон Morgan Stanley-н хувьд цэвэр арилжаа дээр суурилсан хөрөнгө оруулалтын банкууд байлаа. M&A болон security underwriter-н хувьд дэлхийн хэмжээнд эхний байруудыг тэд л ээлжлэн жил бүр хүртдэг. 2012 онд Goldman FacebookIPO-г авсан бол 2013 онд Morgan Stanley TwitterIPO-г авах гэх мэтээр...

Түүхийн эдийн худалдаачнаар гараагаа эхэлсэн  Lloyd Blankfein хувьд хэдийгээр Basel-3 банкны үйл ажиллагааны зохицуулалтын хүрээнд арилжааны эрсдлээр жигнэх хувь өсөж байгаа, Volcker-н дүрмийн дагуу банкуудыг өөрийн хөрөнгөөр арилжааны үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон ч Goldman-г уламжлалт хөрөнгө оруулалтын банкны хэлбэрээр хадгалж үлдэхээр ажиллаж байна.

Хямралын үед Warren Buffet-с 5 тэрбум ам долларын нэмэлт хөрөнгө оруулалт татах замаар төрийн дэмжлэггүй хүндрэлийг давсан тэдний хувьцааны ханш хямралын өмнөх түвшнөөс давсан, жил тутам ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөж нь 10%-с илүү байдаг тэдний хувьд магадгүй хамгийн том арилжаачин хэвээрээ байсан нь зөв ч байж магадгүйг илтгэж байна.

Ганц асуудал нь банкны ёс зүйн асуудал, өөрийн эзэмшлийн моргейж барьцаалсан үнэт цаасны багцаа зарж байхдаа, харилцагчидаа худалдан авах зөвөлгөө өгсөн, 2012 онд өөрийн хувь эзэмшдэг эрчим хүчний компанийг харилцагчаараа худалдан авуулсан гээд тэдний conflict of interest буюу сонирхолын зөрчлийн асуудал барагдахгүй.

Нөгөө талд нь хямралаас арай гэж Lehman-ны араас явалгүй гарч ирсэн Morgan Stanley-н хувьд түүх өөр байна. Тэд Citigroup-с 13,5 тэрбум ам долларын үнээр retail wealth management  салбарыг нь худалдан авч, тэр чигээрээ үйл ажиллагаагаа хөрөнгийн удирдлагын чиглэлд хандуулаад байна.

Ер нь л хөрөнгө оруулагч нарт өгч буй мессеж нь харалдаа бид эрсдэлд дургуй хөрөнгө оруулалт арилжааны үйл ажиллагаагаа багасгасан гэдэг болж байна. Энэ ч үр дүнгээ өгч бараг эх үүсвэрийн өртөгөөс ч бага ROE буюу өөрийн хөрөнгийн өгөөж 5%-тай тэд хувьцааны ханш, цэвэр активын харьцааны үнэлгээний хувьд Goldman-тай зэрэгцэж ирээд байна.

Goldman нь байгууллагын хөрөнгө оруулагч болон топ хөрөнгө бүхий баячуудыг гол харилцагчдаа гэж үзэж байгаа бол Morgan Stanley нь өөрийн 16 500 санхүүгийн зөвлөхөөр дамжуулан дунджаар 200 000 ам долларын хөрөнгө оруулалтын эх үүсвэр бүхий дундаж америкчуудыг онилжээ.

Дээрх бодлого ч үр дүнгээ өгч тэд өнгөрсөн оны хагас жилийн байдлаар хадгаламжийн хэмжээгээр АНУ-т 10-рт орж, 135 тэрбум ам долларын эх үүсвэр татаж чадсан байна.

Мэргэжилтнүүдийн дүгнэж буйгаар магадгүй Goldman-ны ч зөв байх учир нь зохицуулалтын дүрэм журам бүрэн батлагдаж дуусаагүй байхад хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаагаа татан буулгасан Morgan Stanley ус үзээгүй байж хормой шуусан болж магадгүй. Эсвэл дүрэм журам тэдний эсрэг өөрчлөгдөж байхад хуучин хэвээр эрсдэлтэй харагдаж буй Goldman ирээдүйд том алдана.