Sunday, January 25, 2015

O2 болон 3 мобайл операторууд нэгдэх нь хэрэглэгч нарт ашиггүй



Британы зах зээл дээр хэрэглэгчдийн тоо хэмжээгээр 2 болон 3-р байр эзэлдэг О2 болон 3 операторууд нэгдснээр нийт 32 сая хэрэглэгч бүхий энэ төрлийн зах зээлийн 40%-г бүрдүүлэх хамгийн том тоглогч үүсэн бүрэлдэж байна.

Хонгконгийн тэргүүн тэрбумтан Ли Ка Шин-ны эзэмшлийн 3 оператор нь нийт 10.25 тэрбум паундаар О2-г авснаар жилд 400 сая паундын нэгдэлтийн хэмнэлтийг гаргах нь өөрийх нь 2014 оны үйл ажиллагааны зардлын 50%-тай тэнцэж байна.

Энэ төрлийн зах зээл дээр 4 дээш оператор үйл ажиллагаа явуулах нь ямар нэг дүрэм журам хуульд бичигдээгүй ч эрүүл өрсөлдөөнийг бий болгож, хэрэглэгч нарт ашигтай байдаг гэсэн ойлголт байдаг. Гэвч Европын холбооны хувьд бүсийн нэгдсэн хүчирхэг тоглогч бий болгох, өрсөлдөөний улмаас бусад бүс нутагтай харьцуулбал хэт доош байгаа ашигт ажиллагааг сайжруулах замаар ирээдүйн шинэ технологийн хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого барьж байна.

Тэд өөрийн гол жишээ авах загвар улсаар АНУ-г сонгосон ба тэнд гол 2 мобайл оператор зах зээлийг эзэлж үйл ажиллагаа явуулдаг ба үйл ажиллагааны маржин ашиг нь ч Европын компаниудаас өндөр байдаг байна. Сүүлийн 5-н жилийн хугацаанд Европын операторуудын хувьд ашгийн маржин нь 20%-с 10% рүү буурсан. Гэвч энэ дүн нь хөрөнгийн өртөгөөс илүү хэвээр байгаа нь асуулт болж байна.

Дээрх бодлогын хүрээнд Евро бүсэд мобайл операторуудын нэгдэл хүчтэй явагдаж байгаа ба Герман, Ирланд, Австри улсууд 3-н гол тоглогч бүхий загварт шилжсэн бол дараагийн улс нь Британы болж байна.
Герман болон Ирландын хувьд нэгдэлтийн үр дүн хэрэглэгч нарт хэрхэн тусаж буйг дүгнэхэд эрт байгаа бол Австрийн хувьд эхний үр дүнгүүд сөрөг гараад байна. Австрийн зах зээлийг тэргүүлэгч Telecom Austria буюу бас нэг Ли Ка Шины компани нь гар утас ашиглалтын тариф үнэ 50%-р нэмэгдүүлжээ.

Ямар ч улсын хувьд 4-гч оператор нь илүү инноваци дээр суурилсан зардал багатай, шинэ үйлчилгээ бүтээгдхүүн нэвтрүүлэх замаар бусад том операторуудад орхигдсон орлого бага хэсэгт үйлчилж байдаг.
3-н хувьд ч ялгаагүй зах зээл дээр ухаалаг утасны шинэ үе ирж буйг урьдчилан харж энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулснаар 10-н жилийн хугацаанд ашигтай тогтвортой бизнесийг бий болгожээ. Тэд ярианы үнэ тарифийг багасгах, роаминг үнийг буулгах, оператор хоорондын ярианы өртөгийг багасгах тал дээр үр дүнтэй ажиллаж иржээ.

Британы харилцаа холбооны зохицуулах газраас дээрх 2 компани нэгдлийн эсрэг байгаа ч эцсийн шийдвэрийг Европын холбооны зохицуулагч гаргана. Германы жишээгээр бол улсын харилцаа холбооны зохицуулагч нь  нэгдлийн дараа суларсан нэг шугам лицензийг борлуулж дахиад 4 дэхь тоглогчыг зах зээл дээр үүсгэсэн байна.

Британы энэ замаар хөдөлвөл Sky лиценз авч шинэ мобайл оператор болох магадлалтай байна.

No comments:

Post a Comment